ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Хоёр дахь прокурорын бичлэг байгаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-26

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

С.Эрдэнэ: Нэг талдаа шударга ёс ярьж байгаа боловч энэ хууль Үндсэн хуулийн зөрчилтэй байна. Өнөөдөр хуулийн засаглалыг хүчгүйдүүлсэн хууль батлах гэж байна. энэ бол төрийн эмгэнэл. Насаараа төрийн тшээ хийсэн хүмүүс энэ хуулийг дэмжээд, шаардаж байгаад харамсаж байна. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал зөвхөн С.Зоригийн хэрэгт гарсан явдал биш. Ийм асуудал түгээмэл байдаг. Гэтэл зөвхөн С.Зоригийн хэргийг л онцлоод байгаа нь сонин. Эрүүдэн шүүх асуудлыг таслан зогсоох нь чухал юм уу эсвэл үүгээр далимдуулж хуулийн засаглалыг устгахыг зөвшөөрөх нь чухал юм уу. Ийм шийдвэр гаргаж байгаа улс төрчид ирээдүйд Монголын төрд маш том гэмт хэрэг үйлдэж байгаа шүү гэдгийг хэлье. 

Ц.Мөнх-Оргил: Эрүүдэн шүүсэн асуудал батлагдсан бол гэдэг заалтыг оруулж, Үндсэн хуулинд ойртуулж байсан юм. Гурван хүн сууж байгаад хуулийн байгууллагын удирдлагыг огцруулдаг байж болохгүй. 

О.Баасанхүү: Эрүүлэн шүүлтийг хатуу эсэргүүцнэ. Гэхдээ би үе үеийн Ерөнхийлөгчид гомддог. Ерөнхийлөгчийн санал болгосон хүмүүсийг бид л баталдаг. Хоёр дахь прокурорын бичлэг гадуур явж байгаа. Бид бүгд мэдэж байгаа. Даргыг хэн тавих вэ гэдэг уралдаан явж байгаад харамсаж байна. Нэг хүний дарангуйллаас арай гэж салж байхад дахиад нэг хүний гарч орохыг хүсэхгүй байна. Жилийн дараа энэ ордноос багадаа 49 нь зайлна. Харин хууль үлдэнэ. 

Д.Оюундарь: Шүүх тогтоох засаглалд хяналт тавиад эхлэх юм бол ардчилал байхгүй болчихно. Мэргэжлийн байнгын хорооны дэмжсэн саналыг байнгын хорооны хуралдаанд бүгд дэмжсэн хэрнээ 20 минутын дараа бүгд эсэргүүцэж байгааг гайхаад байна. Системээрээ оролдоод байгаа нь буруу. Эрүүдэн шүүх явдлын эсрэг бүгд санал нэг байгаа.

М.Билэгт: Д.Оюундарь гишүүнтэй санал нэг байна. ХЗБХ-ны хуралдаанаар Үндсэн хуульдаа ойртуулахын тулд эрүүдэн шүүсэн үйлдэл нь нотлогдвол гэж оруулж ирэхийг бүгд дэмжсэн. Гэтэл одоо бүгд эсэргүүцэж байна. төрийн гурван өндөрлөгийн удирдлага дор байгаа хүмүүс ямар нэг хэрэгт холбогдвол хууль, хяналтын байгууллага яаж ч чадахгүй болох нөхцлийг бүрдүүлж байна гэж нийгэм хардах зүйл хийж байна. 

Ж.Эрдэнэбат: Бид засаглалын хямрал гэдэг зүйл рүү явж байна. Эрүүдэн шүүх гэдэг бол мэдээж буруу. Тэгвэл шүүх хяналтын байгууллагыг хараат болгох ч гэсэн буруу. Улс төрийн бүлэглэлийн хөрөнгө булаалдсан асуудлаас болж улс эх орон хямралд орж болохгүй. 2020 онд УИХ-ын гишүүн болохын төлөө бус 2021,2022 онуудад хэрхэн хөгжүүлэх талаар ярьж байх хэрэгтэй байна. Алдаа гаргасан хэдэн хүний үйлдлээр дамжуулан системээ оролдох ёсгүй. Шүүх засаглалыг хараат бус болгох гээд байгааг мэргэжлийн хуульчид хэлж байна. 

Чуулган үргэлжилж байна.