ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүд эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-26

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, АТГ, Прокурорын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-20 минутын өмнө байнгын хорооны хуралдаан Х.Нямбаатар гишүүний гаргасан горимын саналыг дэмжиж байсан хүмүүс чуулганы хуралдаанд орж ирээд дэмжихгүй санал өгч байгааг би ойлгохгүй байна. Эрүүдэн шүүсэнтэй бол бүгд хамтдаа явж байгаа. Гагцхүү системээрээ оролдоод байгаа нь өөрөө буруу байгаа байна. Ядаж байнгын хорооны гишүүд дэмжсэн саналаа дэмжихгүй байгаа нь маш утгагүй байна вэ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Хууль зүйн байнгын хороо бүтэн өдөржин мэргэжлийн хуульчид сууж, Үндсэн хуулиа зөрчихгүйгээр зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн. Эрүүдэн шүүх үйлдэл нотлогдох юм бол гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирж байхад УИХ-ын гишүүд эсэргүүцээд байна вэ. Эрүүдэн шүүх үйлдэл нотлогдсоны дараа ҮАБЗ-ийн зөвлөмж оруулах боломж байхад зөвхөн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын удирдлагыг түдгэлзүүлэхээр болж байна.  Энэ бол нийгэмд 65-ын бүлгийг ямар муухай харагдуулах вэ. Бид иргэдийнхээ төлөө, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө хууль батлах гэж сууж байгаа. Түүнээс төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг гэмт хэргийн үйлдлээс нь хамгаалах гэж бид суугаагүй. Нийгэм бидний хардах нөхцөлд бид хүргэлээ. Энэ хуулийн зорилго нь жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж оруулж ирсэн гэж ойлгож байсан чинь одоо зорилго нь өөр болоод явчихлаа.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Өнөөдөр бид засаглалын хямрал руу явлаа. Эрүүдэн шүүх ажиллагаа бол буруу. Гэхдээ шүүх хууль хяналтын засаглалын хараат бус байдлыг хөндөж байгаа нь буруу. Бид хувийн өмч рүү гээ халдаж, хураадаг, дээрэмддэг, хуулийн байгууллага нь эрүүдэн шүүдэг, дарга нарынхаа заавраар шийдвэр гаргадаг энэ улсад ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ. Өнөөдөр бизнес улс төрийн бүлэглэл хоорондын, хувь хүмүүс хоорондын тэмцлээс болж бид засаглалын хямрал руу түлхэж байна. 2020 онд УИХ-ын гишүүн болохоо биш улсын ирээдүй, хөгжлийн бодлогыг бодох ёстой.  Хэн нэг хүнд эрх мэдлийг нь төвлөрүүлснээр ард түмнийхээ амьдралыг сайжруулж, хөрөнгө оруулалт татна гэхэд хэн ч итгэхгүй. Энэ бүхнийг бодож, шийдвэрээ гаргаач гэж гишүүдээсээ хүсмээр байна. Хариуцлага тооцдог асуудлыг арай өөр байдлаар шийдэж болохгүй байгаа юм уу. Мэргэжлийн хуульчид, байнгын хороо нь шийдвэр гаргасан байхад юугаа ч мэдэхгүй хүмүүс нь эсрэгээр нь шийдвэр гаргаж байна. Бид алдаатай шийдвэр гаргахгүйн тулд мэргэжлийн байнгын хороо байгуулдаг. Тэр мэргэжлийн байнгын хороо чинь Үндсэн хуулийн зөрчил рүү явах гээд байна гэж өөрчлөлт оруулж байхад зөрж, санал өгөөд байгааг гайхаад байна.

Хууль зүйн байнгын хорооноос гаргасан шүүх, АТГ, прокурорын байгууллагын хуулийн удирдлагыг ҮАБЗ-ийн дагуу бус зөвхөн эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тохиолдолд чөлөөлдөг байх хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн боловч УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Энэхүү нэмэлт, өөрчлөлтүүдийг УИХ-ын хуульч гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд сууж, Үндсэн хууль зөрчихгүй байх боломжийг бүрдүүлсэн хууль оруулж ирсэн боловч олонх нь дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал оруулж ирэх боломжоор хангаж өгнө үү хэмээн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал гаргасан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Яг одоо УИХ-ын гишүүд Төрийн ордны А танхимд эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэг үзэх гэж байна.