ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө

O.Admin
2019-04-02

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Албан тушаалтан гэдэг олон нийтийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэнд тангараг өргөдөг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд Хүний эрх, эрх чөлөөг тогтоосон 18 заалтын дөрвийг нь сайн дурын үндсэн дээр хязгуурлуулж байгаа гэж ойлгож болно. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд албан тушаалтнууд казино тоглох замаар авлига, хээл хахуульд автах, мөнгө угаах, нөлөөлөлд орох явдал газар аваад байна. Зарим газруудад төрийн албан хаагчдын цалин хүрэхгүй байхад дарга, удирдлагууд нь казино тоглож байгаа тоогоороо тэргүүлж байггаа статистик тоо гарсан. ОХУ, БНХАУ,БНСУ,ХБНГУ зэрэг гадны орнуудын төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг бид харьцуулан судалж үзсэн. Манайхтай адилхан ардчилал хөгжиж байгаа орнууд төрийн албан хаагчдыг казино тоглохыг хуулиар хориглосон байдаг юм байна. Тиймээс Засгийн газраас төрийн албан хаагчийг казино тоглохыг хориглох шийдвэр гаргасан.  Энэхүү шийдвэрийн биелэлтийг улирал тутам дүгнэж ажиллахаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Хамгийн гол нь олон нийтийн хяналт, хэвлэл мэдээллийнхний хяналт энэд хамгийн чухал гэдгийг хэлмээр байна. Тиймээс төрийн албан тушаалтнууд казино тоглосон талаарх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээлж бүрэн боломжтой. Хэрэв тухайн албан хаагч казино тоглосон нь батлагдсан тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна. Эхний зургаан сар журмаар зохицуулалт хийж үзье гэсэн үндсэн дээр ийнхүү журамд өөрчлөлт оруулж байгаа юм. Хэрэв энэ журам үр дүнд хүрэхгүй бол хууль болгон өөрчилж, УИХ-д өргөн барина” хэмээн мэдээллээ.

Мэдээллийн дараа Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариууллаа.

-Төрийн албан хаагчид мөрийтэй тоглож байгаа эсэхийг яаж хянах юм бэ. Казиногийн бүртгэлийг харна гэсэн үг үү. Хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Улирал тутамд дүгнэнэ гэдгийг сая хэллээ. Хяналтын талаар тодорхой албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Хяналтын зохион байгуулалтад Засгийн газраас онцгойлон анхаарч байгаа. Нийгмийн сүлжээ, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагынхан болон гадаадад амьдарч байгаа монголчууд сонор сэрэмжтэй байж, үүний эсрэг хамтдаа зүтгэж байж цэг тавьж чадна.

-Төрийн албан хаагчдад хариуцлага тооцно гэж байна. Энэ журам УИХ-ын гишүүдэд хамаатай юу. Гишүүд казино тоглосон бол хариуцлага тооцох уу?

-Энэ журам төрийн бүх шатны албан тушаалтанд хамааралтай. Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт улс төрийн бүх шатны албан тушаалтан орно гэсэн үг. Гэхдээ УИХ-ын гишүүдэд шууд хариуцлага тооцох эрх Засгийн газрын гишүүдэд  байхгүй. Үүнийг Засгийн газар нээлттэйгээр зарлаж явах ёс зүйн алхам руу орж байгаа юм. Энэ бол 10 гаруй жил бугшсан асуудал учраас мэдээж тодорхой хэмжээний шаталсан арга хэмжээг авна. Үүнээс гадна бидэнд хар тамхи, биеэ үнэлэлттэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагынхан оролцож байгаа талаар мэдээлэл ирсэн. Энэ асуудалд ажлын хэсэг байгуулаад ажиллахаар болсон. Ерөнхий сайд хоёр зүйлийг зорилго болгосны нэг нь эдийн засгийн хөгжилтэй холбоотой, нөгөө нь сахилга хариуцлагатай холбоотой байсан гэдгийг санаж байгаа байх. Тиймээс сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, Засгийн газар хамтарч ажиллаж байж амжилтад хүрсэн олон улсын туршлага байна.

-Өмнө нь 16 тэрбум төгрөгөөр казино тоглосон хэрэгт одоогийн Ерөнхий сайд холбогдон шалгагдаж байсан гэх мэдээлэл байдаг. Энэ журам өмнөх хэргүүдийг сөхөж хариуцлага ярих уу?

-Журам ухарч үйлчлэхгүй. Өмнөх алдаа, сургамждаа тулгуурлаад ирээдүйг өөрөөр төсөөлөх ёстой.

-Казино тоглосон зөрчилтэй холбоотой тодорхой тоо баримт байгаа юу?

-Тодорхой тоог бид нэг улирлын дараа хэлэх боломжтой.

-Хэлэлцээрийн ширээнд сууя гэж 49 хувийн талынхан санал тавьсан. Засгийн газар хэлэлцээрийн ширээнд суух боломжтой юу?

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкнаас Ерөнхий сайдад санал ирсэн. Засгийн газар эхлээд эрүүгийн процесстой холбоотой асуудлыг мухарлаж байж хэлэлцээрийн ширээнд сууя гэж үзэж байгаа. Яагаад гэвэл үнэхээр Худалдаа хөгжлийн банкнаас ямар санхүүгийн эх үүсвэр гарсан юм бэ, үүний аль нь төрөөс, аль хөгжлийн банкнаас гарсан бэ гэдэг асуудал яригдаж байна. Эдгээр мөнгөн дүнг тодорхой болгох асуудлыг Эрүүгийн цагдаагийн газар хийгээд явж байгаа. Харин банкны гүйлгээ, зарим нотлох баримттай холбоотой асуудалд өнөөдрийг хүртэл Нийслэлийн прокурорын байгууллага ямар нэг байдлаар шалгах эрх өгөхгүй байгааг та бүхэн харж байгаа байх. Нөхцөл байдал сайжирч, энэ асуудлын үнэн мөн нь тогтоогдох байх гэж найдаж байна. Хөгжлийн банкинд шалгалт орсон байгаа. Шалгалтын үр дүнг энэ сарын 18 юм уу 19-ны өдөр олон нийтэд мэдээлэх болно. Энд Хөгжлийн банктай холбоотой эх үүсвэрийн асуудлууд шалгагдаж байгаа. Тэр бүү хэл ТУЗ-д нь төлөөллөө оруулсан асуудал ч гарч байгаа. Энэ талаар дараа нь албан ёсоор танилцуулна.

-Арбитрын шүүхтэй холбоотойгоор 115 сая ам.долларыг тав хоногийн дотор төлөхгүй бол Эрдэнэтийг битүүмжилнэ гэсэн шаардлага  ирсэн гэнэ. Энэ үнэн үү?

-Стандарт банктай холбоотой асуудалд Засгийн газар онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ бол нэлээд ярвигтай асуудал. 115 сая ам.долларыг төлөхтэй холбоотой албан бичиг Засгийн газарт ирсэн нь үнэн. Хувийг Ц.Пүрэвтүвшинд гэсэн бичиг байсан. Одоогоор энэ бичиг хуурамч бичиг үү үнэхээр Стандарт банкнаас ирүүлсэн бичиг үү гэдгийг шалгуулахаар холбогдох байгууллагуудад өгөөд, хамтарч ажиллаж байна. Арбитрын шүүхэд зохион байгуулалттайгаар ялагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээг байгаа шүү дээ. Энэ талаар удахгүй Шадар сайд мэдээлэл хийх болно.