ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-12

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Дээрх хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрийг бууруулж, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд усны төлбөр тогтоохоор заасан юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд үг хэлэв.

 УИХ-ын гишүүн М.Билэгт:

УИХ-аас хуулийг баталсан нөхцөлд Оюутолгой мэтийн мега төслийн усны төлбөрийг бууруулж, харин малчин зэрэг хүмүүсийнхээ усны төлбөрийг нэмэх нь. Иргэдийг аюулгүй хүнсээр хангах,  монгол хүнийг ажилтай орлоготой байлгахад мал аж ахуйн салбар гол үүрэг хүлээж байгаа. Малчдад ус олдохгүй хүнд байдалд байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх боломжгүй боллоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталбал одоогийн мөрдөж байгаа тарифыг 50 хувь бууруулахаар байна. Энэ нь нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийг ашигладаг уул уурхайн компаниудад ээлтэй, жирийн иргэд, мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа малчинд хүндрэл үүсгэхээр байна.

Ийм учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулаад нухацтай авч үзэх. Ус бүрэлдэж бий болоход хэчнээн 100 жил шаардлагатай гэж ярьдаг. Гэтэл манайх шиг ахуйн хэрэглээнээсээ өгсүүлээд уул уурхайд цэнгэг усаа ашигладаг улс орон байна уу.

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

Хуулийн төсөлд анхааралтай хандах ёстой. Газар тариалангаа усалгаатай болъё, хөрсөө хамгаалъя гээд яриад байгаа. Газар тариалан хөл дээрээ босоогүй байгаа ийм үед төлбөр аваад эхэлбэл хүндэрнэ. 4000 гүний болон ил худаг шаардлагатай байгаа. Ийм үед малчид, тариаланчдаас усны төлбөр авбал унана. Хуульд хөдөө аж ахуй, газар тариалан дээр төлбөртэй байна гэсэн ч 0 гэж заасан байдаг.

Энэ хууль чухал хууль. Уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг багасгах биш нэмэх ёстой. Олон дахин хэлэлцүүлэг хийж байж, гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн.

Хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгахаас өмнө бүлэг дээрээ яриад, Засгийн газар төслөө татаж авна гэвэл буцаая. Энэ чигээр нь зүтгүүлнэ гэвэл цааш үргэлжлүүлье. Ийм учраас бүлэг хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага хүсэж байна.  

УИХ-ын дарга Г.Занданшатар тус намын бүлэгт завсарлага өгснөөр УИХ-ын

чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.