ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Батбаяр: С.Зоригийг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад машинаараа хүргэж өгсөн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-14

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр цахим хуудсаар дамжуулан С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг хийжээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэдгийг хэлсэн байна. Тэрбээр цахим хуудастаа “С.Зоригийн хэргийг илрүүлэхэд нэмэр болох болов уу гэсэн нэгэн мэдээллийг дэлгэхээр шийдлээ. Би маш олон хоног бодож байж энэ мэдэгдлийг хийж байна. Энэ мэдээллийг би өмнө нь олон удаа зохих байгууллагад өгөхөөр оролдож байсан боловч хэн ч тоож үзээгүй. Харин нэгэн цагдаагийн албан хаагч "Чиний амь насанд аюултай тул энэ хэргийг мартсан нь дээр шүү" гэж анд нөхрийн хувиар зөвлөж байсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны орой төслийн удирдагчийн монгол эхнэр Шүрээ надтай холбогдож "Амралтаараа Монголд ирчихээд маргааш буцах гэж байна. Өнөөдөр орой уулзая" гэж ярьсан. Бид уулзаад, 22:00 цагийн орчимд би түрүүлж гарч гэрийн зүг явсан. Машинаа УБ рестораны урд талын төв зам дагуу тавьсан байсан юм. Манай гэр төмөр замд байсан учраас төв шуудангаар зүүн эргэж, Маршал Чойбалсангийн өвлийн байрны урдуур гарч явтал хоёр иргэн гүйсээр гарч ирж, миний машины урдуур орж зогсоож, хүргэж өгөхийг гуйсан байдаг. Харахад маш их сандарсан хүмүүс байсан. Би юм бодоогүй. Ойр дотны хүн нь өвдсөн юм болов уу гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. "Хорооллын эцэст очно" гэж надад хэлсэн. Хоорондоо маш их сандарсан байдалтайгаар "Одоо яанаа, одоо яах юм бэ" гэж дахин дахин хэлцгээж байсан. Анх С.Зоригийн хэргийн дараа аман зургаар гарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүр төрхтэй уг хоёр хүн тун адилхан байсан. Дүрсэлбэл эмэгтэй нь жаахан бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй. Эрэгтэй нь дан хувцастай байсан санагдаж байна” хэмээн бичжээ.