ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Ганзориг: Ерөнхий сайд амралтын өдрөөр Улаанбаатар хотод ажилтай байсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоо өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод уулзаж, 2020 оны сонгуульд хэрхэн оролцох мөн Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцсан гэх мэдээлэл твиттер хуудсаар болон medee.mn сайтад нийтлэгдлээ.

Улмаар энэхүү нууц уулзалтаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө нэр дэвших, 2020 оны сонгуульд Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан, Ц.Сандуй, М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг нэр дэвшүүлэхгүй байхаар тохирсон гэх мэдээлэл тавигдсан юм.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн эсэхийг хэд хэдэн хүнээс тодруулсан ч Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэл хотод байсан хэмээн няцаалаа. Тухайлбал, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой утсаар холбогдож тодруулахад “Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний “Мазаалай” дээд лигийн нээлтэд оролцсон. Зургийг нь би өөрийнхөө нүүр номд тухайн өдөр буюу амралтын өдрөөр оруулсан. Хамт байсан юм.

Хэнтийн нөхөн сонгуульд 4-5 хүн яригдаж байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлэл өгсөн байна лээ. Ерөнхий сайд ямар нэг байр суурь илэрхийлээгүй. МАН-ын Бага хурлаар асуудлыг ярих байх. Төрийн нарийн бичгийн даргыг ч солих талаар баттай мэдээлэл алга. Ташаа мэдээлэл байна лээ” гэсэн тайлбар өглөө.

Б.Тогтох