ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гуравхан хүнээр туг тахиад, 50 улстөрчийн хэргийг замхруулах уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-15

УИХ-ын нэр бүхий гишүүд өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудаар дамжуулан 950 саяас тэрбум 400 сая төгрөгийн зээл авсан гэх дуулиан оны өмнө гарсан. Улмаар, АТГ-аас ажлын хэсэг гарч шалгалт явуулсан бөгөөд 2018 оны аравдугаар сарын 29-ны өдөр хэрэг бүртгэл нээж, харьяалал тогтоон шалгаж эхэлсэн билээ. Энд ганцхан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудыг шалгаагүй. Харин 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн аж ахуйн нэгжийг бүгдийг нь шалгасан байдаг. Эндээс ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хоёр удаагийн тушаалаар зээл олгохоор болсон 216 нэгжид илүү анхаарал хандуулжээ. Мэдээж АТГ дангаар асуудлыг шалгахад хүн хүч хүрэлцэхгүй нь тодорхой. Тиймдээ ч ЦЕГ болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг зургаан сарын хугацаанд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хоёр удаагийн тушаалтай 216 аж ахуйн нэгж дээр илүү төвлөрч, үйлдвэр нэг бүрээр орж баримтжуулж, үзлэг хийж, төсөл зорилтод бүлэгтээ хүрсэн эсэхээр хяналт шалгалт явуулжээ.

Улмаар эдгээр 216-гаас асуудалтай гэж үзсэн 70 гаруй ЖДҮ эрхлэгчийг тусгайлан шалгаж, хамаарал бүхий этгээдүүдийг дуудан байцаалт авсан байгаа юм. Эндээс 21 нь УИХ-ын гишүүний дэмжлэг бүхий албан бичигтэй байсан гэдэг. Мөн 2018 онд шалгараагүй үлдсэн 801 төсөл дотор ЖДҮХС-гаас зээл авах боломж, нөхцөл бололцоог хангасан 100 гаруй төсөл байсан гэдгийг шалгалтын явцад тогтоожээ. Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан гэх баримт гарч байгаа. Гэвч үүнийг АТГ-аас үгүйсгэв. Өмнө хэлсэнчлэн асуудалтай байж мэдэх 70 гаруй компанийн зээлийг шалгаж, 50 гаруй ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын байгууллагад хүргүүлснээ өчигдөр олон нийтэд мэдээллээ. Үндэслэлээ АТГ-ынхан тойргийн иргэдийнхээ зээлийг дэмжих талаар саналаа явуулсан ч түүнд нь өөрөө оролцсон, мөн хамааралтай гэх шалтгаан нөхцөл олдоогүй учраас гэж тайлбарлав. Харин 20 компанийн хэрэгт цаашдаа шалгалтын ажил явагдана гэж ойлгож болно. Тэдгээр 50 компаниас цөөнгүй нь улстөрчдийн дэмжлэгтэй байжээ. Тухайлбал,

•    УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
•    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
•    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
•    УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
•    УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
•    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
•    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
•    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
•    УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
•    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
•    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
•    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
•    УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
•    УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
•    УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
•    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
•    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
•   УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг компаниудын хэргийг хааж байна. 

...Өөрийнх нь хамаарал биш гэсэн шалтгаанаар олон ч улстөрчийн хэрэг прокурор дээр хаагдах нь тодорхой боллоо. Өчигдрийн байдлаар УЕП-ын газар 10 гаруй хэргийг хаасан бөгөөд өөрсдийнх нь ХОМ-т байгаа УЕП-ын орлогч Б.Амгаланбаатарын “Цаст согоот” ХХК, Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК-ийн зээл авсан хэргийг хаахаар болсон үндэслэл шалтгаанаа ч тайлбарласангүй. 

 

Төлбөрөө барагдуулсан 11 компани, иргэн хэн байв 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, коммисар Т.Мөнхтунгалаг өчигдөр өөрийн албан ёсны твиттер хаягаар “ЖДҮ шалгасан АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 11 аж ахуйн нэгж, иргэнээс нийт 11 тэрбум 195 сая 611 мянга, 321 төгрөгийн битүүмжилж, нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮ санд буцаан төлүүлсэн гэж мэдэгдлээ. Ямар аж ахуйн нэгжүүдээс зээлийг нь эргэн төлүүлсэн талаар хэвлэлийн ажилтнаас тодруулахад “прокурорын зөвшөөрөлгүй учраас нэрсийг нь зарлаж болохгүй байна” гэх хариулт өгсөн юм. 11 аж ахуйн нэгж дунд ямар ямар компаниуд байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Албан ёсны мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий “Газар буудай” ХХК нь 950 сая төгрөгийн өрөө төлжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь “Хүннү” ХХК, Н.Оюундарь гишүүний хүүгийнх нь эзэмшил бүхий “Red star club” мөн л 950 сая төгрөгийн зээлээ төлсөн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү дүүгийнхээ “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн 800 сая төгрөгийн зээлийг бүрэн төлөхөө мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ээжийнхээ “Спа цогцолбор” ХХК-ийн 700 сая төгрөгийн зээлийг төлнө гэж хэвлэлд ярьсан байдаг. УИХ-ын гишүүн А.Сүхбат “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн авсан 800 сая төгрөгийн зээлээс тодорхой хувийг төлсөн гэх мэдээлэл бий. Мөн Я.Содбаатар “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК-ийн авсан хоёр тэрбум төгрөгийн зээлийг төлсөн бол УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Доктор МИЭК” ХХК мөн л 800 сая төгрөгийн өрөө барагдуулжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компани зээлийнхээ тодорхой хувийг төлж барагдуулсан гэх мэдээ­лэл олдлоо. Харин УИХ-ын гишүүн О.Батнасангийн “Топ кондитер” ХХК 950 сая төгрөгийн зээлээсээ 250 саяыг нь төлж барагдуулжээ. 

 

Гуравхан улстөрчийн хэргийг прокурорт шилжүүлжээ 

Авсан зээлээ бүрэн төлнө гэдгээ мэдэгдсэн улстөрчдийн хамаарал бүхий компаниуд болон АТГ-аас хаах санал хүргүүлсэн 50 гаруй аж ахуйн нэгж дунд нэр нь гараагүй улс төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж дүгнэж болно. Нийт 20 гаруй хэрэг анхаарлын төвд орсон бөгөөд эндээс ес нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой. АТГ-ын Мөрдөн байцаах албаны эрхэлсэн комиссар Ц.Энхбаярын хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал есөн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэндээс тав нь төрийн өндөр албан тушаалтан хэмээлээ. Үүнээс гурван албан тушаалтны гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон учраас холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж, шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргажээ. Өөрөөр хэлбэл, шүүхэд шилжүүлээгүй гэсэн үг. Эдгээр гурван хүн нь УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар гэх. Тэгвэл АТГ-ын энэ шийдвэр эдгээр гурван улстөрчид хамааралтай эсэхийг тодруулахаар УИХ-ын гишүүн Л.Энхболдтой холбогдсон ч мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгджээ. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан “Миний компани биш учраас төлж барагдуулсан эсэхийг би яаж мэдэх вэ. Надад холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн эсэхийг ч мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэдхэн өдрийн өмнө “Би зээл аваагүй. Миний хамаарал бүхий этгээдийн компани ч биш. Би УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан. Тиймээс прокурорын байгууллагаас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон. Өөрөөр хэлбэл, намайг яллагдагчаар татсан хэргийг удахгүй хаана" гэсэн тайлбар өгсөн байдаг. Харин үлдсэн хоёр албан тушаалтан нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар байх магадлалтай. Учир нь эдгээр хоёр албан тушаалтны зээл авсан гэх хэргийг хаахаар хүргүүлээгүй байгаа. Мөн зээлээ төлсөн эсэх нь ч тодорхойгүй. Үлдсэн дөрвөн албан тушаалтан нь эхнэрийнхээ нэр дээр зээл авсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц /Гранд степп 950 сая/, Ерөнхий аудитор асан Б.Хүрэлбаатар /”Цэн стайл” 750 сая/, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн /Дархан мах корпораци 450 сая/ нар байх магадлал өндөр. Үүнээс гадна “УБЦТС” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан, “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Ц.Амарсанаа, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ш.Хонгорзул нар ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт холбогдсон ч хэргийг хаасан уу, эсвэл хамааралгүй байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.