ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хувь заяа

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-15

Улаанбаатар хотод сул чөлөөтэй газар үгүй болжээ. Иргэд чөлөөт цагаа өнгөрөөж, зуны үдэш хүүхдүүдээ дагуулаад тайван алхаж, салхилах сөөм ч газар үлдээгүй гэхэд болно. Автомашин явах нь байтугай явган хүн ч алхах зайгүй болтол нь чихэж, барилга барьсан нийслэл хотод маань тордож, өөд нь татвал бас хэдэн газар байж магадгүй хэмээн дөрвөн газрыг онцлон сурвалжиллаа. 

 

Хүүхдийн паркийн газрын 60 хувь нь эл хуль

Эхнийх нь “Хүүхдийн парк”. Нийслэлчүүд төдийгүй социализмын үед аж төрж байсан бараг хүн бүр мэдэх “Хүүхдийн парк” гэж сайхан газар байлаа. Энд тэнд тарьж байрласан тоглоомтой. Үлдсэн газар нь битүү ногоон байгууламжтай. Хүүхэд, залуус зугаалж, салхилж, хайрын галыг манасан гэгээн сайхан цэцэрлэгт хүрээлэн байсан. Энд хүүхдүүд тоглох гэж ирнэ. Залуус болзож, урлаг, соёлын олон арга хэмжээ болдог байв. Бүр саяхныг хүртэл шүү. Социализмын үед бүтээсэн хотын “А” бүсэд байх ганц гэгээн бүтээн байгуулалт өнөөдөр нөхөөстэй дээл нөмөрсөн өнчин хүүхэд шиг тал талаасаа мэрүүлсэн нэг л нам гүм тоосорсон газар болон хувирчээ. Ийм болгох эхний хуудсыг нь М.Энхболд нийслэлийн Засаг дарга байхдаа 2004 онд  Японы “Иточу” компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэхээр болж хувь эзэмшлээ 74:26 гэсэн харьцаагаар тогтоожээ. Нийслэл 26 хувийг нь эзэмшинэ гээд гэрээ байгуулчихаж. Ингэж  “А” зэрэглэлийн бүсэд байх энэ 35 га газрыг үнэгүйдүүлсэн байна. Үүний дараа уг газар хэдэн хэсэг болон хуваагджээ. Энэхүү 35 га газраас “Бодь” групп, нийслэлийн хамтарсан компани  32 га эзэмшиж байгаа  гэнэ. Гэхдээ “Бодь” 74 хувийг, нийслэл 26 хувийг нь эзэмшдэг юм байна. Үндсэндээ энэ газрыг гурван хэсэг болгон тасалжээ. Эхний “тасархай” болох, хуучнаар “Туяа” ресторан буюу одоогийн “Сөүл” рестораныг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 1990 оны сүүлчээр хувьчилж, хувь хүний мэдэлд шилжүүлжээ. Солонгосчууд авсан гэдэг. Хоёр дахь тасархай нь  “Мон-Уран” компанийн Б.Наранхүүгийн мэдлийн нэг га газар. Мөн Нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаяр албан тушаалаасаа буухын өмнөхөн нэг га газрыг нь авчихсан байна. “Бодь” групп болон нийслэлийн хамтарсан компани тэр газрыг буцааж авах гэж шүүхдээд бараагүй, Дээд шүүх “Мон-Уран” компанийн талд шийдвэрээ гаргасан учраас алдчихжээ.  Гурав дахь  тасархай  нь “Монтана” компанийн мэдлийн 0.4 га газар. Тухайн үед П.Очирбат Ерөнхийлөгчид сууц барьж өгөх гээд “Монтана” компаниас авсан газрынхаа оронд “Хүүхдийн парк” дотор газар өгсөн юм байна. Хожим нь энэ газраа нийслэл буцааж авах гэж шүүхдээд авч чадаагүй алдсан гэнэ. Энэ газар дээр “Шангрила” баригдах үедээ хэмжээгээ томсгосон байна.   Мөн хотын даргаар олон жил ажилласан Энэбишийн хүү Мөнх-Очирт нэг га газар байсныг тэрбээр нийслэлийн мэдэлд буцаагаад өгчихсөн гэнэ. Ингэж далан нөхөөстэй дээл шиг болсон “Хүүхдийн парк” одоогийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эл хулхан байна. Зүүн урд талын нэгэн өнцөгт хэдхэн тоглоомтой энэ хүрээлэнгийн бараг 60 гаруй хувь нь эл хул, өнгөрсөн намрын зэрлэг өвс нь сэрийж харагдана. Хотынхоо төвд байх ганц цэцэрлэгт хүрээлэнгээрээ ийнхүү сор залсан нийслэлийн өмнөх удирдлагуудын хэн нь ч хариуцлага хүлээгээгүй. Зүгээр л өөрийн өмчөө бусдад эзэмшүүлсэн мэт төрийн хөрөнгөөр тоглоод өнгөрсөн.

 

Талбайн урдах цэцэрлэгт хүрээлэн банкны барьцаанд байгаа гэнэ

Тэгвэл миний дараагийн хөндөх сэдэв бол Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг. Энэ хэний мэдэлд байдаг бол гэж та сонирхож үзсэн үү. Уг нь эх орны маань төв цэг л дээ. Ихэнх иргэн төрийн мэдэлд байдаг гэж боддог байх. Гэтэл үгүй ажээ. Мөн л Нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаяр бодийг нь хөтөлчихсөн. Багахангайд байсан нэг нөхөр М.Энхболдыг УИХ-ын гишүүн болсны дараа гэнэтхэн л хотын дарга болчихсон. 2006 оны хоёрдугаар сард “Ч.Орхон захиралтай “Ю Би  констракшн” ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгосугай” гэсэн захирамжийг Ц.Батбаяр гарган хувьд шилжүүлчихжээ. Нийслэлийн өмчийн газарт одоо ч Ц.Батбаяр даргын 52 дугаар захирамж нэртэйгээр дурайтал хар дээр цагаанаар бичээтэй байдаг гэнэ. Ц.Батбаяр ч энэ хэргийг дангаараа хийчихээгүй бололтой. НИТХ-ын гишүүд хуралдаж тогтоол үйлдээд Н.Болормаа НИТХ-ын дарга байхдаа баталгаажуулан гарын үсгээ зуржээ. Ийм хэргийг үйлдчихээд юу ч болоогүй мэт таг дуугүй болжээ. Нөгөө компани нь уг цэцэрлэгт хүрээлэнг банкны барьцаанд тавьсан сурагтай. Ингэж л хотын ногоон байгууламжууд эрх мэдэлтнүүдийн үзэгний үзүүрээр өмчлөлийн хэлбэрээ өөрчилжээ. 

 

X хорооллын спорт цогцолборын газрыг “Эс Си ЭМ” ХХК эзэмшдэг

Харин дараагийн газар бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, X хорооллын МТ шатахуун түгээх станцын зүүн талын газар. Энд уг нь 1989 онд оросууд спорт цогцолбор барихаар төмөр карказ босгон барилгын ажил эхлүүлж байсан ч нийгмийн харилцаа өөрчлөгдөж энэ ажил зогссон. Олон жил сарайсан том төмөр байсан энэ газрын дутуу баригдсан барилга нурах аюултай болсон гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2013 онд гарсан. Хэдийд ч нурж иргэдийн амь насанд аюул учруулж болзошгүй энэ хуучин барилгын арзгар төмрийг Э.Бат-Үүл захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулан буулгаж, аюулгүй болгосон. Уг газрыг “Эс Си Эм” ХХК  захирамжаар эзэмших болжээ. Гэхдээ 2011 оноос хойш олон компани, хувь хүмүүс хуваан эзэмшиж байсныг Нийслэлийн Засаг даргын 2013-A/855 захирамжаах бүгдийг нь хүчингүй болгожээ. Гэвч энэ газарт өнөөдрийг хүртэл юу хийгээгүй. Хашааны хаалга нь хаалттай байна.

 

“Барс”-ын арын цэцэрлэгт хүрээлэн зургаан компанийн нэр дээр бүртгэлтэй

Сүүлийн газар нь бидний нэрлэж заншсанаар “Барс” захын арын цэцэрлэг. Ингэж нэрлэхэд бараг ахадмаар газар. Тэр хавийн архичид бөөгнөрдөг цэг болсон энэ цэцэрлэгийн доогуур Улаанбаатар хотын баруун талыг хангах зориулалттай цэвэр усны 1000 -ын голчтой хос шугам 1989 онд тавигдаж дууссан. Одоо энэ л шугамаар гүйж буй усаар нийслэлийн баруун талын хорооллынхон ундалж байгаа. Өөрөөр хэлбэл, улсын хамгаалалтад байх тусгай газруудын нэг гэж хэлж болно. Гэтэл энэ газрыг зургаан компани захирамжаар эзэмшдэг гэнэ. Ингэж л хотын газар эрх мэдэлтний хурууны үзүүрээр хувь хүмүүсийн халаасанд шургаж, төр нь эргүүлж авч чадахгүй сууж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн аль аль нь газар эзэмших захирамж л гаргуулсан бол эргүүлж төр авч чаддаггүй гэнэ. Газрын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрыг эзэмших эрхийн  хугацаа нь дуусаагүй байхад төр буцаах авах ямар ч эрх зүйн орчин байхгүй ажээ. Ийм л цоорхой хуулийг эрх мэдэлтнүд өөрсдөө зохиочихоод хотын газраар хувийн өмч шиг тоглож иржээ.