ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Оюунчимэг: Сэтгүүлчдийг бэлтгэх, мэргэшүүлэх асуудал орхигдсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Л.Болд: Нэг зүйл л анхааруулмаар байгаа юм. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсаар байна. Энэ бол маш аюултай үзэгдэл. Энэ янзаараа явбал улсын цаашдын хувь заяа яригдана. Цэцийн дээр хөх тэнгэр гэж ярьдаг шиг хэвлэл мэдээллийн дээр хөх тэнгэр л байх ёстой. Хэн ч хэвлэл мэдээллийн байгууллагыг дарамталж чаддаггүй байх ёстой. Монголд хэвлэлийн эрх чөлөө үнэхээр байхгүй болсон. Дарга нарыг сурталчилдаг болсон. Үндэсний телевиз арилжааны телевизүүдтэйгээ өрсөлдөөд эрх чөлөөлтэй байдлаа алдаад байна. Үүнд анхаарах хэрэгтэй.

Л.Энх-Амгалан: Монголчуудын үнэт зүйлс юу вэ гэхэд ихэнх залуус мэдэхгүй байна. Үнэт зүйлийн мэдрэмж суларч байна гэсэн судалгаа гарсан байна. Энэ бол маш аюултай зүйл. Үндэсний дархлаатай холбоотой асуудал. Үндэстнээрээ бахархах, түүх соёлоороо бахархах талаар анхаарах нь үндэсний телевизийн гол үүрэг. Манай улс 2.5 сая фэйсбүүк хэрэглэгчтэй, 200 гаруй телевизтэй байна. Ийм улс орон хаана ч байхгүй. Монголд тархины өлсгөлөн, шударга ёсны өлсгөлөн, ходоодны өлсгөлөн гэсэн гурван төрлийн өлсгөлөн байна гэж байгаа. Энэ өлсгөлөнг арилгахад үндэсний телевизийн үүрэг маш их юм шүү.

Ө.Энхтүвшин: Сүүлийн үед телевизүүдээр дандаа хар бараан мэдээллүүдийг гаргаж байна. Сайхан зүйлс зөндөө болж байгаа шүү дээ. Сайхан зүйлсийг гаргаж өгөх хэрэгтэй байна. дандаа томилгооны асуудал, хар бараан мэдээллүүдээр иргэдийг бөмбөгдөж байна. Танин мэдэхүйн талын мэдээллүүдийг огт гаргахгүй байна. Хүнд хэрэгтэй, шинэ мэдлэг мэдээлэл өгсөн мэдээллийг гаргаж, бусад телевизүүддээ үлгэр дуурайлал болох хэрэгтэй. Улсын төсвөөс Үндэсний телевизэд жилд 10 сая төгрөг өгдөг. Гэтэл улсын мэдээ мэдээллийг дамжуулах гэхээр мөнгө нэхдэг. Мөнгө нэхэх бол улсын төсвөөс Үндэсний телевизэд мөнгө өгөхгүй. 

Ж.Батзандан: Өнөөдрийг хүртэл МҮОНРТ улс төрийн телевиз байсан. Захирал нь сонгуулийн үеэр ард түмэн цагаан цаас учраас юу ч ярьж болно гэж байсан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Монгол хүн бүрт үнэ цэнийг нь мэдрүүлсэн нэвтрүүлгүүд хийгээрэй. Харийн газар алдараа цуурайтуулж байгаа иргэдийг сурталчилах ёстой. 

Б.Бат-Эрдэнэ: МҮОНРТ-ийг монголын ард түмэн үнэн зөв мэдээлэл өгдөг байх гэж найдлага тавьдаг. Сүүлийн үед олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүргээ улам л мартаад байх шиг байна. 

Д.Оюунхорол: УИХ-ын гишүүд чуулганы танхимд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг. Нийгмийн үнэт зүйлийг бий болгох чиглэлээр улс төрчид манлайлдаг байх ёстой. ТХЗ-ийн хэрэгжүүлэх асуудалд Үндэсний телевиз онгойлон анхаарч ажиллаасай гэж бодож байна. Хүнлэг сэтгэлтэй, оюунлаг боловсон хүчин бэлтгэх талаар анхаарах хэрэгтэй байна. Өөдрөг сайхан яваа хүмүүсээ, татвар төлөгчдийгөө сурталчилах талаар анхаарч байгаасай. Хавдрын өвчлөлийн чиглэлээр нэвтрүүлэг гаргах хэрэгтэй байна. Үндэсний олон нийтийн телевизийнхээ хувьд хавдрын асуудлаар дагнасан тусгай нэвтрүүлэгтэй болох хэрэгтэй байна. 

М.Оюунчимэг: Хавдрын эсрэг аян өрнүүлэх зэрэг МҮОНРТ маш олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. ХСҮТ-тэй нэг байгууллага юм шиг ажиллаж байгаа. Сэтгүүлчдийг бэлтгэх асуудал байхгүй болчихлоо. Өмнө үндэсний телевиз боловсон хүчнээ захиалж, гадаад дотоодод сургадаг байсан. Боловсон хүчнээ бэлтгэх, сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийн үнэлэх, цалин хөлсийг анхаарах хэрэгтэй. Үндэсний телевиз бол мэргэжлийн байгууллага гэлгээрээ бусдаасаа ялгарах ёстой.