ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Амгалан: Монголд жуулчид унтах гэж ирдэггүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-22

-Монголын бүхий л гоё зүйлс, урлаг соёл, өв уламжлалыг үзэх гээд байна. Гэтэл бид 22:00 цаг боллоо унт гээд байж болохгүй-

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн аялал жуулчлалын багш, судлаач Ө.Амгалантай ярилцлаа.

-Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийн талаар ярьж байна. Манай улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх  боломж байгаа. Зөвхөн Чингис хааны түүхтэй холбоотой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд л асар олон хүний сонирхлыг татаж чадна. Харин ямар аргаар хөгжүүлэх боломжтой байна?

-Монгол бол Төв Азийн нүүдэлчдийн хувьд хамгийн чухал нутаг. Тэр ч утгаараа Монголд өнө эртний болон түүний дараах үеийн түүх дурсгалын болон эд өлгийн зүйлс хадгалагдаж үлдсэн. Биет болон биет бус өв байна. Мөн түүхэн үйл явдал өрнөж байсан газар нутаг ч манай улсад олон байгаа. Орчин цагт аялал жуулчлал танин мэдэх хэрэгцээ шаардлага руу түлхүү хөгжиж байна. Тухайн улс, үндэстний өв соёл, уламжлалыг таних, судлах, сонирхох хандлага руу чиглэж эхэлсэн. Энэ хандлагатай уялдуулж үзвэл Монголд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж өндөр байна гэсэн үг.  Гэхдээ Монголын цаг агаар эрс тэс, өвөрмөц. Нэг талдаа давуу тал байж болох ч сул талтай. Онгон зэрлэг байгаль давуу тал болно. Нөгөө талдаа сөрөг. Өөрөөр хэлбэл, онгон дагшин байгаль гэдэг аюулгүй байдал талаасаа баталгаагүй. Зөвхөн адал явдал хайдаг, аз сорьдог аялагчдад зориулсан юм шиг харагддаг учраас сул тал гэж хэлээд байгаа юм. Энэ сул талыг байхгүй болгодог зүйл нь түүх соёл, өв уламжлал, бидний хадгалж байгаа бүх зүйл.

Тиймээс л түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Түүх соёл, уламжлалд тулгуурласан аялал жуулчлал дахин давтагдашгүй. Дээрээс нь маш чухал үнэт өв соёл. Монголыг дэлхий дахинд таниулах хамгийн анхдагч хүчин зүйлүүдийн нэг. Түүхэн аялал жуулчлалаар дамжуулаад бид жуулчдыг яаж татах вэ гэдэг асуудал байна. Хамгийн гол нь тогтвортой хөрөнгө оруулалтууд чухал. Тогтвортой хөрөнгө оруулал­туудыг хийхийн тулд Засгийн газар урт хугацааны туршид ямар бодлого барих вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Өнгөрсөн 2018 онд Засгийн газраас 21 аймгийн аялал жуулчлалын гол чиглэлийг баталлаа. Аялал жуулчлалаа энэ чиглэлийн дагуу л хөгжүүлнэ гэдэг бодлоготой боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймаг буюу Чингис хааны өлгий нутаг руу аялал жуулчлалын ямар ямар маршрут гаргаж болох вэ гэдгээ тооцно. Улмаар олон улсын жуулчдын баталгаатай замыг бий болгох юм. Баталгаатай зам байгуулна гэдэг нь Засгийн газар хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байна гэсэн үг. Тэгэхээр зам дагасан хөрөнгө оруулалт хийгдэх нөхцөл бий болно. Цаашлаад Чингис хааны ч юм уу, Түрэгийн үеийн археологийн дурсгалууд соёлын эргэлтэд орно. Соёлын аялал жуулчлалын гол нөөц болох боломжуудыг нээж байгаа юм. Энэ талаараа давуу талтай. 

-Түүхэн дурсгалт газрууд нь байна. Засгийн газар ч тодорхой бодлого гаргачихлаа. Гагцхүү хүний гараар бүтээсэн бүтээн байгуулалт л дутагдаад байна?

-Түүх, соёлын өвийг аялал жуулчлалын хамгийн хүнд бүтээгдэхүүн гэж үздэг. Маш сайн тайлбарлаж, ойлгуулж, ёс жаягийг нь мөрдүүлэх шаардлагатай болдог. Жуулчид очоод үзэхээр бүтээн байгуулалт байхгүй нь үнэн. Засмал замаас гараад, шороон замаар 70 км яваад, ганц буган хөшөө үзнэ гэвэл хэцүү. Буцаад засмалдаа нийлэхийн тулд шороон замаар сэгсчүүлнэ. Жуулчинд таалагдах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Үүнээс ангид байхын тулд түүхэн аялал жуулчлалын цогцолбор, иж бүрдлүүдийг байгуулах ёстой. Тэгж байж жуулчдын нэг дороос олон зүйлийг үзэх хэрэгцээ шаардлагыг хангаж өгнө. Монголд байгаа бүхий археологийн өв соёл, дурсгалууд үнэт зүйлс мөн үү гэвэл мөн. Гэхдээ жуулчинд үзүүлэхээр баярладаг үнэт зүйл мөн үү гэвэл бас л өрөөсгөл. Тийм учраас аялал жуулчлалын цогцолбор, өөр хоорондоо уялдаа холбоотой бүтээн байгуулалтуудыг бий болгох гэж зорьж байгаа юм. Хамгийн анхны санаачилга нь Хэнтий аймагт эхэлж байгаа гурван том төсөл. Дараа нь Дорноговь, Хөвсгөл аймагт том цогцолборууд байгуулж байна. Гэх мэтээр аймгууд өөрсдийн онцлогийг шингээсэн, түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулчихвал соёлын өв болсон газруудын үнэ цэн нэмэгдэнэ. Түүнээс биш одоо байгаа нөхцлөөрөө аялал жуулчлалаа хөгжүүлж, олон жуулчин татна гэвэл хэцүү. 

-21 аймагт аялал жуулчлал хөгжүүлнэ гэвэл манайх шиг эдийн засагтай улсын хувьд боломж бага. Түүний оронд эхний ээлжинд Чингис хааны төрсөн газар болох Хэнтий аймгийг цогцоор нь хөгжүүлж, аялал жуулчлалын гол бүс болгохын тулд хөрөнгө оруулалт хаяж, автозамаас эхлээд шийдчихвэл жуулчдыг илүү татах боломжтой юм биш үү. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Хамгийн зөв бодлого л энэ. Бид өмнө нь аялал жуулчлалыг зорих газар байдлаар, жижгээр хөгжүүлж байсан. Тэгэхээр биеэ даадаггүй, ямар нэг байдлаар менежментээ авч явж чаддаггүй. Одоо бол арай өөр бодлого хэрэгжүүлэх гээд байна. Эдийн засгийн бүсүүддээ тулгуурлаж, аялал жуулчлалаа хөгжүүлье гэж байгаа юм. Жишээлбэл, зүүн бүсийн буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн гурван аймаг байна. Түүхэн аялал жуулчлалын гол цэг нь Хэнтий аймаг. Төвийн бүсэд Дорноговь аймаг түүхэн аялал жуулчлалын бүс байж болно. Бүс  доторх гол цэгүүдээ сонгоод, хөрөнгө оруулалтуудаа шийдээд явж байгаа юм. Хуучин нэг аймаг суварга, нөгөөх нь цогцолбор бариад л эхэлдэг байлаа. Ямар ч уялдаагүй. Энэ байдлыг одоо өөрчилж, бүсийн хэмжээний нэгдмэл бодлого гаргаж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймагт “Андлалын өргөө”-г 19 сая ам.доллароор бүтээж байгаа. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдэг орхигдохгүй, менежментийн хувьд эрсдэлтэй биш байх нөхцлүүдийг бүрдүүлж өгч байгаа юм. Бүсүүдэд тулгуурласан аялал жуулчлалын бодлого өмнөхөөс өөр нөхцлийг бий болгож байна. Зорилт биелэх юм бол томоохон хөрөнгө оруулалтууд сайн үр дүнд хүрэх боломжтой.

Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Энэ бодлого, бүтээн байгуулалтыг ямар нэг нам, улс төрийн хүчнээс ангид байлгах шаардлагатай. Зарим хүмүүс Хэнтий аймагт ийм бүтээн байгуулалт хийлээ. Хөвсгөлд тэгж байна, харин манай аймагт алга гэдэг өнцгөөс нь хардаг. Гэтэл Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжинө гэдэг Монголын аялал жуулчлал хөгжиж байна л гэсэн үг. Тэр бүтээн байгуулалтыг нэг аймаг, сум, бүр нэг нүхэнд хийхдээ гол биш. Хамгийн гол нь Монгол Улс л жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүнтэй болох нь чухал. 19 сая ам.доллар зарцуулсан хөрөнгө оруулагч ашигтай ажиллахын тулд менежментээ хийж, жуулчдаа татаж л таарна.  Монгол Улс хүссэн хүсээгүй зорилтод зах зээл болж таарах юм. Тиймээс бид аялал жуулчлалыг жалга довны системээс нь гаргаад, макро түвшинд харах цаг болсон. Улсын эдийн засгийн нүүр царай гэдэг утгаар нь хармаар байна. Өнөөдөр Өвөр Монголын Ордос хот яагаад жилдээ гурван сая жуулчин хүлээж аваад байгаа юм. Зөвхөн өмнөд Хятадаас гэхэд саяар тоологдох жуулчин ирээд байна. Энэ чинь бүтээн байгуулалт, бодлогоор дэмжиж байгаатай л холбоотой. Өвөр Монголын нэг хошуу л хийж чадаад байгаа ажлыг Монгол Улс яагаад хийж чадахгүй гэж. 19 сая ам.доллароор нэг том өргөө бариад, түүнийг дэлхийд сурталчилъя л даа. Одоо жуулчид авч яваад үзүүлдэг зүйл нь “Тэнд ийм юм байсан. Ийм үйл явдал өрнөж байлаа” гэдэг. Тэгвэл бид жуулчдад үзүүлэх бүтээн байгуулалттай болж байна, сайхан хэрэг.

-Хэнтийд гурван том төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Бүтээн байгуулалтууд нь дуусаад, ашиглалтад орсноос хойш Монголд ирэх жуулчдын тоо хэр хэмжээгээр нэмэгдэх бол. Тэр талаас нь судалгаа, тооцоо хийсэн байгаа юу?

-Төсөл хөтөлбөрүүд цаанаа эдийн засгийн маш том тооцоотой байгаа. Манай улс жилдээ сая жуулчин хүлээж авах талаар ярьдаг.  Монгол Улсад хамгийн ойрхон байгаа хөрш зэргэлдээ таван орны жуулчдын 0.3 хувийг л авахад жилдээ нэг сая жуулчин хүлээж авна гэсэн үг. Энэ цогцолбор байгуулагдахаар л жуулчид бөөн бөөнөөр ирнэ гэж бодвол өрөөсгөл. Бид жилдээ сая жуулчин хүлээж авахын тулд агаарын тээврээ либералчилах болно. Аялал жуулчлалын бүсэд хүргэх автозамаа сайжруулах шаардлагатай. Орон нутгийн биш олон улсын шинжтэй, хоёр, дөрвөн эгнээтэй зам барих хэрэгтэй. Хэнтий аймагт барьж байгаа Чингис хааны цогцолборыг үзэхийн тулд жуулчид заавал Улаанбаатарт буугаад, 480 км явдаг ганц л чиглэлтэй байх юм уу. Ульхан боомтоор орж ирдэг байя. Чойбалсанд буугаад, Хэнтий рүү 280 км яваад ирдэг байж ч болно шүү дээ. Энэ мэтээр тээвэр ложистикийн системээ бий болгох хэрэгтэй.

Энэ системийг бий болгохын тулд БОАЖЯ-наас ЗТХЯ-тай хамтраад, аялал жуулчлалын үндсэн чиглэлийг баталж гаргаж байгаа юм. Аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдэд тулгуурласан бодлогууд гараад ирэхээр эдийн засгийн өгөөж нь нэмэгдэнэ. Эдийн засгийн өгөөж хөрөнгө оруулагч талдаа ашигтай байж болно. Нөгөө талаар, аялал жуулчлалыг хөгжүүлээд өгвөл төрийн халаас руу мөнгө нь ороод байх юм биш. Ард иргэдэд өгөөж нь шууд хүрдэг. Нэг жуулчинд морио унуулаад олсон таван ам.доллар нь иргэдийн халаас руу ямар нэгэн татваргүйгээр шууд орно. Энэ талаас нь аваад үзвэл, Хэнтий аймгийн болон бусад аймгийн иргэдэд маш их үр өгөөжөө өгнө. Гол нь төлөвлөлтдөө л маш нарийн анхаарах ёстой. Тэгвэл жуулчдын урсгал аяндаа л нэмэгдэнэ. Чингис хаан гэдэг чинь өөрөө дэлхийн брэнд.  Тиймдээ ч дэлхий нийтээрээ сонирхож байгаа. Магадгүй, Чингис хааны онгоныг бид олж нээлээ гэдэг мэдээлэл гарвал дэлхийд ямар сонсогдох вэ. Судлаач хүний хувьд энэ мэт брэндээрээ дэлхийг татаасай л гэж бодож явдаг. 

-Монголын түүх, соёлын хамгийн том брэнд Хархорин. Тэнд Их Монгол Улсын эртний нийслэл байсан. Одоо Эрдэнэзуу хийд байна. Аялал жуулчлалыг маш хурдан хугацаанд хөгжүүлж болохоор газар. Гол нь ямар бодлого барьвал зөв байх бол. Та судлаач хүний хувьд нэгийг хэлэх байх?

-Хархорин Монголын аялал жуулчлалын гол цэг болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол эртний нийслэл. Тэр байтугай “Торгоны зам”-ын хойд чиглэлийн гол зангилаа байсан, дэлхийн худалдааны төв байсан. Энэ утгаараа том брэнд. Хоёрдугаарт, манайд өөр үзүүлэх зүйл байгаагүй. Тийм болохоор Монголыг үзэх гэж ирсэн жуулчдад тэрийгээ л санал болгодог байсан.  Монголыг үзэх гэж Хөвсгөлд ирдэг юм уу Хөвсгөлийг үзэх гэж Монголд  ирдэг үү гэдэг асуултад хариулт өгдөг хүн байдаггүй. Хэрвээ Чингис хааны цогцолборуудаа бариад дуусгачихвал тэр цогцолборыг үзэх гэж Монголд ирж болох нь. Бид Хархориныг ямар учраас үзүүлээд байна вэ гэдгээ бодох л хэрэгтэй. Өөр үзүүлэх зүйл бага учраас л тийшээ явдаг. Гэтэл Хархоринд очихоор бүхий л түүх, дурсгал нь газрын дор байгаа шүү дээ. “Энэ газар дор манай эртний нийслэл Хархорум бий” гэж ярьдаг. Археологийн судалгааны хувьд тэр маш үнэ цэнтэй. Гэтэл гаднаас ирсэн хүн газрын дор байгаа гэдгийг сонсоод, “Ямар сайхан юм бэ” гэж баярлахгүй. “Эрдэнэзуу” хийд байна. 408х406 метр хэмжээтэй том хашаатай.

Хашаан дотор нь орохоор гурав, дөрвөн том сүмээс өөр юм бараг байхгүй. Тэр том хашаа­нд энтертайнмент хөтөлбөрүүдийг зохион байгуулах ёстой юм. Орой нь тэнд сайхан ширээ засаад, жуулчид ганц нэг аяга шар айраг уудаг. Ардын уламжлалт тоглоом үздэг. СУИС-ийн оюутнууд гэрээгээр очоод, тоглолт хийдэг байж яагаад болохгүй гэж. Монголд жуулчид унтах гэж ирдэггүй байхгүй юу.  Монголын бүхий л гоё зүйлс, урлаг, соёл, өв уламжлалыг үзэх гээд байна. Гэтэл бид 22:00 цаг боллоо унт унт, бүүвэй гээд байж болохгүй. Харин ч “Эрдэнэзуу”-гийн тэр том хашааг орчин үеийн болон уламжлалт хэв маягаа хослуулсан өнгө аясаар тохижуулж, цогцолбор болгох л хэрэгтэй. Тэр хашаа руу хүн таван ам.доллар өгөөд орохдоо харамсахааргүй хэмжээнд байлгах хэрэгтэй. Хархорины аялал жуулчлалын бүс гэдгийг бодох цаг болсон. Хүн бүрт үзүүлсээр байгаад ачаалал нь хэтэрчихсэн. Жуулчид Монголд ирээд буцаад очихдоо наад зах нь хамгийн ойрын таван хүндээ ярьж байгаа шүү дээ. “Монголд очоод ирлээ. Эртний нийслэл Хархорум хотод нь очлоо. Жаахан онцгүй байлаа” гэж ярина. Ийм л шалтгаанаар жуулчин давтан ирэхгүй байна.