ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Засгийн газар парадын ажил хийдэг боллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-24

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нийт 12 асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Эрдэнэсийн сангийн орлого, зарлагатай холбоотой тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих саналыг би хүргүүлсэн. Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан байдаг.

Үүнээс хойш ажил хангалтгүй явагдсаар ирсэн. Үүн дээр хяналт шалгалтыг дахиж хиймээр байна. Бүхэл бүтэн арилжааны банк дампуурлаа. Иргэд хохирлоо. Дээрэмдсэн үйл ажиллагаа явагдаж байна. Урьдаас зохион байгуулагдсан ажил мөн. Энэ асуудалд УИХ-аас хяналт тавих ёстой. Төрийн нууцтай холбоотой биш асуудлыг нууц болгож дарагдуулж байна. Эрдэнэсийн санд асар өндөр үнээр юм худалдан авч байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгийг маш өндөр үнэлсэн. Амбаарыг 50 сая төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Тиймээс Монголбанкны эрх хүлээн авагчид хяналт тавих хэрэгтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “ЖДҮ-ийн хуулийг хэзээ хэлэлцэх вэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэсэн яаралтай хэлэлцэх асуудал биш гэсэн. Одоо ээлжит чуулганаар хэлэлцүүлмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Оюутолгойн төслийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ УИХ-аар оруулах ирэх вэ. Ялангуяа Оюутолгойн төслийн асуудалд Засгийн газрын байр суурь ямар байгаа талаар Ерөнхий сайд үгээ хэлэх цаг нь болсон. Дэндүү битүү, хатуу явж байна. Сүүлийн үед Засгийн газар энэ, тэнд жагсаал цуглаан зохион байгуулж парадны ажил хийдэг боллоо. Эдийн засгийн суурь асуудлаар байр сууриа илэрхийлдэг хүн гэж байхгүй боллоо. Иргэдийн амьдрал улам дордож байна. Махны үнэ өсч, эдийн засаг нурлаа. Эрдэнэс Тавантолгойн 30 хувийг IPO гаргана гэж өнгөрсөн жил нэлээд сүр дуулиан болж тогтоолыг төсөл баталсан. Тогтоолын төслийн гүйцэтгэлийг нь УИХ-аар танилцуулах ёстой атал өнөө хэр алга. Дээр нь нэмээд төмөр замын асуудал дээр хоёр хуваагдчихлаа. Үүнд тодорхой хариу өгсөн хүн алга. Эдийн засгийн асуудлуудаа хэзээ УИХ-д оруулж ирэх юм бэ” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийн байнгын хороонд хамааралтай асуудлуудыг ярилаа. Эдийн засгийн байнгын хороо гишүүдийн тавьж байгаа асуудлуудыг чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгож маргааш /2019.04.26/ УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар танилцуулах чиглэлийг  Эдийн засгийн байнгын хорооны даргад хэллээ.

Дараа нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Уг хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлчихсэн байсан тул хуулийн төслүүдийг хэлэлцэх зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул холбогдох байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна.