ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Түр хороонд өөр хэргийг мартагнуулах ямар ч зорилго байхгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 88.6 хувийн саналаар Түр хороо байгуулахыг дэмжлээ.  Түр хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд Х.Нямбаатар А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Санжмятав нар орсон юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Түр хороо байгуулснаар Үндсэн хуулийн хүрээнд ажиллаасай. Энэ хэрэг 1998 онд гарсан. 20 жилийн дараа энэ хэрэг шийдэгдээгүй. Дандаа улстөрждөг. Энэ маш олон үе шатыг дамжсан. Эрүүдэн шүүсэн гэдэг хэргийн дор энэ хэрэг замхрах вий гэж санаа зовж байна. Мөн дахиад баахан хүнийг үндэслэлгүй хорих вий гэдгээс санаа зовж байна. Захиалагчийг нь мэдэж байгаа юм бол яагаад зарлахгүй байгаа юм бэ. Үүнийг зарлахгүй яагаад Түр хороо гэж УИХ-ын гишүүдийг хутгаад байгаа юм бэ. Эрүүдэн шүүлтийн дуулианы ард олон хэрэг замхарч байгаа. Ж.Батхүүг сулласан асуудал явж байгаа. Ц.Нямдорж сайд захиалагчийн талаар үг хэл л дээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Түр хорооноос болж чуулган 40 хоног гацсан байж ч магадгүй. Түр хороог ярихаар О.Баасанхүү гишүүн орж ирж хашхирч, цаанаасаа захиалгат үйлдэл хийдэг. Олон улсын парламентын холбооноос 50 гаруй тогтоол гарчихаад байгаа. Гэтэл Монгол Улсын парламент 20 жил таг дуугүй байсан.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Түр хороо байгуулагдаад хурдан ажилдаа ороосой. Энэ хэргийг далимдуулаад гишүүд улс төр хийгээд байх юм. Олон улсын парламентаас ирсэн бичигтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулсан. Тусгай хяналтын дэд хороон дээр байгуулсан ажлын хэсэг хуралдах уу.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ хэргийг мөрдөх явцад хууль зөрчсөн асуудлыг судлах юм. Энэ түр хороонд өөр хэргийг мартагнуулах, будилаантуулах ямар ч зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эрүүдэн шүүдэг асуудал энэ хэрэг дээр 2013 оноос эхэлсэн. Намайг буцаад сайд болоход хэрэг дууссан байсан. Би танай намын даргад та нар урд жагсаал хийж шаардлага тавихын өмнө дэлгэрэнгүй бичиг явуулсан. Энэ хэргийг шийдэхэд хэн сайд байсан, хэн хэн яаж холбогдсон талаар. Энэ хэргээр улс төр хийлээ гэж ярьдаг. Гэтэл чимээгүй сууж байгаад эрүүдэн шүүлтийг дэмжих үү. Энэ улс орныг чинь шорон гяндан болгох юм уу. Бодитой юм ярьсан. Үнэн л байсан шүү дээ.

Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.