ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчихөөд намын дэд даргаар очсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-24

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. Тус албан бичигт “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ. Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ. 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Б.Дэлгэрмаа Намын дэд дарга болсон нь үнэн үү. Үнэн бол өргөдлөө өгөөд өөрөө ажлаа өгчихөж болдоггүй юм уу. Хоёр газар зэрэг ажиллах гээд байгаа юм шиг санагдаж байна. Өөрөөс нь асууж үзсэн үү, намын дэд дарга болсон эсэхийг нь тодруулсан уу. Манай улс чинь 32 намтай. Хэн нэгнийгээ зарлаад байвал Элчин сайдаас нь эгүүлэн татаад байх юм биш биз. Хоёрдугаарт Элчин сайдуудаа хэзээ томилох вэ. Солонгос, Швед, Япон зэрэг томоохон улсын Элчин сайд нараа томилмоор байна. 60 тэрбумаа нөхдүүд төлж дуусан уу.  Төлж чадаагүй бол хурдан төлмөөр байна. Улс орноо бүтэн болгох асуудалд анхаармаар байна.

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа: Б.Дэлгэрмаа Элчин сайд АН-ын дэд даргаар томилогдсон албан ёсны тогтоол нь надад байна. Гаргасан өргөдөл нь журмынх нь дагуу шийдвэрлэгдэх байсан. Өргөдлөөс нь өмнө асуудал орж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Элчин сайд нарын асуудлыг даруй оруулж ирмээр байна. Миний мэдэхийн сүүлийн гурван долоо хоног ярьж байна. Ирэх долоо хоногт Элчин сайд нарын асуудлаа хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ийм зөвшилцлийн бичиг ирүүлсэнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт харамсаж байна. Улстөржсөн утга бүхий шийдвэр гаргасан. Б.Дэлгэрмаа чамгүй сайн ажилласан гэж харж байгаа. Гэхдээ энэ хүнийг ажлаа өгөхөд нь нэр төрд нь сэв суулгахаар бичиг УИХ-д оруулж ирж байгаа нь буруу. Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн. Хугацаа дуусч байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл. АН-ын ҮБХ дөрөвдүгээр сарын 07-нд хуралдсан. Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчихөөд улс төрийн албан тушаалд очсон. Зүй нь бол Ерөнхийлөгч өргөдөл өгсний дагуу гэсэн тайлбартай оруулж ирэх ёстой байтал улс төрийн албан тушаал давхар хашсан гэж улстөржүүлж оруулж ирсэн нь буруу.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчид санал хураалтын дүнг албан бичгээр хүргүүлэхээр боллоо. 

Үүгээр УИХ-ын чуулган түр завсарлалаа