ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Маргаан ихтэй, “манараа” чуулган

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-25

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан багагагүй “манараа”-тай болж өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлууд нь С.Зориг агсны хэргийг нягтлах Түр хороо байгуулах болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байлаа. Мөн энэ өдөр хэлэлцэж баталсан нэг чухал асуудал нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай тогтоолыг төсөл байв. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн 13 км зам тавих асуудал уг хуулийн төслөөр орж ирснийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хулгайгаар энэ заалтыг оруулж ирлээ хэмээн шүүмжилсэн юм. Харин Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ “Шивээхүрэнгийн орд 800 сая тонн нөөцтэй. Жилдээ 33 сая тонн нүүрс гаргах боломжтой. Энэ ордоо бид ашиглах хэрэгтэй. Үүний тулд энэ төмөр замыг барих шаардлагатай” гэв. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Харин Түр хороо байгуулахыг хурал­даанд оролцсон гишүүдийн 88.6 хувь нь дэмж­сэнээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нягтлах Түр хороо Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд Х.Нямбаатар А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Санжмятав гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Тэгвэл  чуулганы хуралдааныг манаргасан асуудал нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон Усны тухай хуулийн төслүүд байв. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд устай холбоотой хоёр хуулийн төслийнхөө зүйл заалтыг андуурч, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн заалтыг хасах гээд, усны тухай хуулийн төслийн заалтыг хасчихав.

Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар санал хураахдаа хоёр хуулийн төслийн заалтын дугаарыг андуурч уншсанаас хасч болохгүй чухал заалтыг хуулийн төслөөс хасахыг гишүүд дэмжсэн юм. Ийм эндүүрэл гарсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж, гишүүд “холион бантан нь хутгалаа” хэмээн ундууцан хэлэлцэх асуудлаас хойшлуулах нь зөв гэж үзэв. Эцэст нь бантанг нь хутгасан балгийн эзэн ажлын хэсэг болж таарч, гишүүдийн зүгээс санаатай, санамсаргүй техник алдаа гаргаж, хариуцлагагүй хандахгүй байхыг ажлын хэсгийнхэнд анхааруулав.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд маргаан дагуулсан бас нэг асуудал нь уул уурхайн үйлдвэрлэлийн ус бохирдуулсан төлбөрийг 50-60 хувиар бууруулсан гэх асуудал байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт “Хуулийн төслийн үзэл баримтлалд ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулахаар заасан байна. Мөн 300 толгойгоос дээш бэлчээрийн малтай малчин өрх, нэг га талбайгаас их хэмжээний газар тариалангийн аж ахуйгаас төлбөр авна хэмээн заажээ. Энэ бол хариуцлагагүй уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас нөхөж, татвар авах оролдлого байна” гэв.

Харин хууль санаачлагчдын зүгээс “Усыг их бохирдуулсан нь их төлбөр төлнө, бага бохирдуулсан нь бага төлбөр төлнө. Байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн тайлбарыг өгч байлаа. Ýнэ асуудлаар багагүй маргасны эцэст гишүүдийн ихэнх нь ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулах хуулийн төсөл оруулж ирлээ хэмээн шүүмжилж, зарчмын зөрүүтэй саналууд нь унаснаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээс хойшлуулав.

Энэ хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед зарим гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй байна гэдгээ нуугаагүй юм. Төөрсөн хүн нь байна гэдэг шиг хэлэлцэх асуудлынхаа учрыг ойлгоогүй гишүүн нэгээр тогтсонгүй.  Бүр “Ус гэдэг чинь тоолууртайгаа л холбоотой гэж ойлгодог шүү дээ. Тоолуур нь өндөр байвал их төлбөр төлнө. Бага бол багыг л төлдөг биз дээ” хэмээн үг хэлж, инээдэм болгож байх жишээтэй. Хэлэлцэх хуулийн төсөлтэйгээ танилцсан байх нь гишүүдийн үүрэг. Өөрөөр хэлбэл, тэдний хариуцлагагүй хандаж, андуурч эндүүрсэн заалтуудын цаана бүхэл бүтэн нэг салбарын асуудал яригдаж, энэ салбараас амь амьжиргаагаа залгуулдаг мянга мянган хүний асуудал байгаад гишүүд тийм ч их ач холбогдол өгсөнгүй бололтой. Ийнхүү маргаан ихтэй манараа хуралдаан өндөрлөлөө.