ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гишүүд “ЖДҮ-чид”-ээсээ хариуцлага нэхэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-28

ЖДҮХС-гаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан асуудал хэсэгтээ шуугиан тарьж, олны анхаарлын төвд байсан. Гэвч хэрэгт холбогдсон гишүүдийн тоо 50 гарсан энэ үед бусад дуулианд энэ асуудал мартагнах тийшээ хандаж байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг ч УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ. Гэтэл үүний цаана журам, хуулиа хүлээсэн мянга мянган бичил, дунд бизнес эрхлэгчид горьдож сууна. ЖДҮХС-гийн зээл гэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулсан нэн хөнгөлөлттэй зээл.

Гэтэл албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниа жижиг, дундын тоонд оруулсан улстөрчид тус бүр багадаа 950 сая төгрөгийн зээлийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл, 500 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид очих ёстой мөнгийг 50 эрх мэдэлтэн хувааж авсан гэсэн үг. Гэвч энэ асуудал хэсэгтээ шуугиан дэгдээсэн ч санаатай, санамсаргүй бусад дуулианы мөрт мартагнах тийшээ хандлаа. Бүр эхнээс нь нэр бүхий зарим гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгоод эхэлсэн. Хэрэгсэхгүй болгох давалгаа өртөөлсөөр нэг л мэдэхэд ЖДҮ-д холбогдож, олон зуун хүний боломжийг үгүй хийсэн төрийн түшээдийн ёс зүйгүй хэрэг замхрахад ойрхон байна. Зүй нь бол хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж, хариуцлагын асуудлыг ярих ёстой.

Дахиж ийм хэрэг гаргуулахгүйн тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хуулиа хурдхан баталж, түүнийг дагах журмаа мөн шуурхайлах ёстой юм. Тэгвэл хаврын чуулганаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлагын асуудлыг хэлэлцэх эсэх, хуулийг нь яагаад өнөөдрийг хүртэл оруулж ирэхгүй байгаа талаар гишүүд дараах байр суурийг илэрхийлж байна. 

О.Батнасан: Үйлдвэр эрхлэгч, хөдөлмөр эрхлэгч хоёрыг ялгах ёстой

Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар нэг нутгийн хүнд болон нэг төрийн бус байгууллагатай бол дэмжих бичиг хийж өгч болохгүй гэж байгаа юм. УИХ-ын гишүүн гэдэг ард түмний элч байхаа больчихсон юм билээ. Ер нь хуулийнхан энэ хуулийн аль заалтыг барьж асуудалд хандах нь тэдний үзэмжийн асуудал болж хувирсан. Нэг төрийн бус байгууллагатай, нэг ангийнх, нэг нутгийнх байж болохгүй гэж байгаа юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн тойргийнхоо иргэдийг дэмжих боломжгүй гэсэн үг. Дэмжээд бичиг хийж өгвөл хууль зөрчсөн болно. Одоо ЖДҮ-ийн журам гарч байгаа юм билээ. Энэ журмаар улс төрчийн хамаатан, садан, ах дүү, найз нөхөд зээл авч болохгүй юм билээ. Миний дүү нар ЖДҮ-чид. Яагаад гэвэл миний дүү нар жижиг, дунд бизнес эрхэлдэг. ЖДҮ-ийн хуулинд гарч байгаа нэг сайн заалт нь 300 сая хүртэлх гэж заасан явдал. Үйлдвэр эрхлэгч болон жижиг, дунд бизнес эрхлэгч гэдгийг ялгах ёстой. Гэртээ суугаад хувцас оёдог бол үйлдвэр эрхлэгч гэж үзэх үү гэдгийг ялгах ёстой. Энэ бол хөдөлмөр эрхлэгч болохоос биш үйлдвэр эрхлэгч биш. 

О.Баасанхүү: “ЖДҮ-чид”-ийг шорон руу нь явуулах ёстой

Жирийн иргэдийн боломжийг хааж, зээл авсан гишүүдийг шорон руу нь явуулах ёстой. ЖДҮ-чдийн тоо 50 хүрлээ гэж байна. Энэ бол аймшигтай тоо. АТГ улс төрчдийн гар хөл болчихсон нь тодорхой байгаа. Хэний хэргийг хаах вэ, хэнийхийг авч үзэх вэ гэдэг нь тэдний сонголт. Би Эрдэнэтэд байгаа хулгайч нараа дийлэхгүй байна шүү дээ. Материалыг нь өгөхөөр манай энэ хүн Эрдэнэтийн хүн учраас давхар лобби хийгээд байна би хараад байгаа юм. Ил тод юмаа шийдээд явах ёстой. Би хуульч хүн учраас юу хулгай вэ, юу хулгай биш вэ гэдгийг хараад л ойлгоно. Үүнийг шалгаад өгөөч гээд бичиг өгдөг. Гэтэл эргээд ямар ч хариу өгдөггүй. Дэмжих бичиг хийж өгсөн учраас хэрэг биш юм гэнэ. Тийм зүйл байж болохгүй. Тойргийнх иргэдээс ирсэн хүсэлтийг уламжилсан бичиг бол өөр хэрэг. Түүнээс биш мянган хүн дотроос гаргаж ирээд, энэ хүнд заавал өг гэсэн бичиг өгөх бол ялгаагүй гэмт хэрэг. Тэр нь 9.5 сая байсан бол ойлгож болно. 950 сая төгрөг идчихээд байгаад л миний дургүй хүрээд байна. 

Ц.Цогзолмаа: ЖДҮ-ийн асуудал аль аль талдаа том сургамж боллоо

Тойргийнхоо иргэдэд дэмжих бичиг хийж өгсөн нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдэд өдөр бүр сонгогдсон тойргийн иргэдээс нь захидал, өргөдөл, гомдол, албан хүсэлт ирдэг.Тухайн тойргийн аж ахуйн нэгжүүдээс ч ирдэг. Үүнийг бид газар дээр нь шийдэх боломжгүй учраас ирсэн бичиг, хүсэлтийг нь хуулийн дагуу уламжилдаг. Иргэдийн хүсэлтийн дагуу бичиг хийж уламжилсан гэсэн үг. Бидний уламжилсан материалыг зээл олгох эрх бүхий байгууллага нь хуулийн дагуу шалгаруулах ёстой. ЖДҮ-ийн асуудал аль аль талдаа маш том сургамж боллоо. Тиймээс 2019 онд төсөвлөсөн мөнгийг ЖДҮ эрхлэгчдэд олгохдоо сонгон шалгаруулалтыг тендерийн хуультай адилхан нээлттэй болгох ёстой. Зээл хүсэгчид ЖДҮХС-гаас зээл аваад юу хийх гэж байгаа, хэдэн ажлын байр бий болгох талаараа цахим орчинд байршуулах ёстой. 

З.Нарантуяа: ЖДҮ-ийн асуудлаар Түр хороо байгуулах ёстой

Иргэдэд өгсөн боломжийг хулгайлсан хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой гэдгийг би олон удаа илэрхийлж байгаа. Олон гишүүн энэ асуудалд холбогдсон учраас хуулийн байгууллага маш нягт шалгах ёстой. Үнэхээр тойргийнхоо иргэдийн хүсэлтийг уламжилж өгсөн бол гэмт хэрэг биш. Аль нь хууль зөрчсөн үйлдэл вэ гэдгийг ялгаж, салгах ёстой. ЖДҮ-ийн асуудлаар Түр хороо байгуулж ажиллаач гэсэн саналыг би хэлсэн ч, харамсалтай нь дэмжигдээгүй. Өнөөдөр ч гэсэн би байнгын хорооны хуралдаанаар энэ асуудалд ажлын хэсэг гаргах ёстой гэсэн саналыг тавьсан. Засгийн газрын сайд нар ЖДҮ-д холбогдсон. Ерөнхий сайд сайдуудынхаа асуудлыг ярих ёстой. Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй. Хамгийн гол нь гэм буруутай юу, хууль зөрчсөн үү гэдгийг хуулийн байгууллага үнэн мөнөөр нь тогтоох ёстой. 

Л.Болд: Дэмжих бичиг өгсөн нэрээр уснаас хуурай гарах гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль яаралтай гарах хэрэгтэй.  Удахгүй байнгын хороогоор хэлэлцээд орж ирэх байх. Харин зээл авсан гишүүдийн тухайд хариуцлага тооцох ёстой. Үнэхээр зээл авахад нөлөөлчихөөд, зээл авсан баримт нотолгоо нь байсаар байтал, тойргийнхоо гишүүдийг дэмжсэн гэх шалтгаанаар уснаас хуурай гарах гэж оролдож байгаа нь ёс зүйгүй үйлдэл. УИХ-ын гишүүд хоёр хуваагдчихаад байгаа юм. Анзаараад байхад 60 тэрбумын талынхныг л цагаатгаад байна. Хуулийн байгууллагууд өөрчлөгдөхөөсөө өмнө захиалгаар ажил хийж байна уу гэсэн хардлага төрж байна.  Дэмжих бичиг гэдэг нь үнэхээр цагаан цайлган сэтгэлийнх үү эсвэл ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй юу гэдгийг тогтоох хэрэгтэй.

Х.Нямбаатар: Дэмжих бичиг хийж өгөхийг хуулиар зөвшөөрсөн

Иргэдийн итгэлийг хүлээж, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдийг дэмжиж, бичиг хийж өгөх нь хуулиараа зөвшөөрөгдсөн зүйл. Харин өөртөө давуу байдал үүсгэсэн үү, үгүй юу гэдэг л асуудлын гол нь. Түүнээс биш иргэдээ дэмжих нь гэмт хэрэг биш. Бид дэмжих гэж л сонгогдсон.