ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Мандах: Аливаа ажлын чанарыг хэмждэг хэмжигдэхүүн заавал байх ёстой

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-29

Монгол Улсын Боловсролын их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын чанарын үр өгөөж” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Боловсролын их сургуулийн захирал Д.Мандахтай ярилцлаа.


-Танай сургуулиас зохион байгуулдаг энэ олон улсын хурал уламжлал болжээ гэж үзэж болох уу?

-Тийм ээ, Боловсролын чанарын асуудал гэдэг бол аль ч улс орны тухайд хамгийн гол анхаарал татаж буй зүйл. Манай Боловсролын Их сургуулийн хувьд энэ асуудалд онцгойлон анхаарч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахын дээр жил бүр олон улсын эрдэм шин­жилгээний хурал хийдэг. Энэ удаагийнх 14 дэх хурал юм. 

-Мэдээж энэ олон удаагийн хурлууд  зохион байгуулж байгаагийнх тодорхой ахиц дэвшил гарсан байх. Энэ жил хэр олон илтгэл хэлцэгдэх гэж байна вэ?

-Энэ олон жилийн хугацаанд бид тодорхой амжилтад хүрлээ. Энэхүү олон улсын хурал өөрийн гэсэн цахим хуудас, төлбөр авдаг тусгай данс, оролцогчдын санал дүгнэлтийг нэгтгэдэг слайд программтай болсон. Түүнээс гадна,  энэ жилээс цөөнгүй ивээн тэтгэгчтэй болсон гэх мэт энэ хурлын ололт амжилт байна. Хамгийн гол нь оролцогчдын хүрээ, материалын чанар жил ирэх бүр улам сайжирч,  дээшилж байна. Энэ нь зохион байгуулалттай холбоотой. Нөгөөтэйгүүр дэлхийн нийтээр боловсролын асуудалд анхаарч байна. Ялангуяа боловсролын чанар үр өгөөжид анхаарч байгаагийн нэг илрэл нь манай энэ эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын тоо өслөө. Өнгөрсөн жил энэ хуралд зориулан 100 гаруй илтгэл ирж байсан бол энэ жил 170  ирсэн байх жишээтэй.

-Боловсролын чанарын асуудлаар энэ удаа хэлэлцэж байгаа юм байна. Энэ талаар таны бодол?

-Боловсролын чанар  гэдэг улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас, багшийн хөгжил эргээд улсаас буюу төрийн бодлого гэсэн гурвалсан хэлхээтэй холбоотой.  Энэ бүхэн нь эцэстээ боловсролын үйлчилгээний л асуудал юм. Боловсролын үйлчилгээ гэдэгт бүх шатны сургалт орно.  Энэ талаар л бид ярьж байна. Боловсролтой иргэнтэй нийгэмд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг бага байна.  Тухайн нийгэм тогтвортой хөгжиж чадаж байна гэдэг.  Гэхдээ бодит амьдрал дээр  боловсролтой хүнээ бий болгох  боловсролын үйлчилгээний чанар  ямар байна вэ гэдгээ анхаарах ёстой.  Чанартай холбоотойгоор өгөөжийн асуудал яригдана. Мэдээж чанартай байж үр өгөөжтэй байна шүү дээ. Чанаргүй яваад байхаар цаг болоод хөрөнгөө алдаж,  үр ашиггүй явж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Цаг хөрөнгө хоёр нийгмийн хамгийн үнэтэй зүйл юм. Тиймээс энэ тал дээр онцгойлон анхаарч,  энэ жил энэ сэдвээр хурлаа зохион байгуулж байна.

-Чанар гэж яриад л байдаг.  Чанарыг  хэмжих хэмжигдэхүүний талаарх таны бодлыг сонсвол?

-Боловсролын үйлчилгээний арга зам, чанарыг  дээшлүүлэх олон арга зам энд хөндөгдөж байгаа. Хамгийн эхэнд чанарыг хэмжигдэхүйц болгох асуудал яригдаж байна. Аливаа юмны чанарын тухай ярихад “Ийм чанартай, тийм чанартай” гээд   бид ярьж сурсан.  Гэтэл дараа нь өнөөх чанараа  хэмжие гэхээр хэмжих арга байхгүй. Аливаа зүйлийг “чи чанартай хийгээрэй”  гэж удирдах албан тушаалтан үүрэг өглөө гэж бодъё. Гэтэл тэр ажлын үр дүн чанартай юу, чанаргүй юу гэдгийг тогтоодог, чанар нь хэмжигдэхүйц байна гэдэг маш чухал юм. Тиймээс тэр чанарын асуудал яаж хэмжигдэхүйц байх юм бэ гэхээр эргээд үйлдвэрлэлд суурилсан боловсролын  тухай  асуудал яригдана.  Өөрөөр хэлбэл,  хэмжигдэхүйц байхын тулд жишээ нь манай Боловсролын их сургуулийг төгсөөд гарч буй залуу багш юу чаддаг болсон байх ёстой вэ гээд тогтоогоод өгчихнө. Ингэхээр хэмжигдэхүйц байх гэдэг нь эцэстээ чадвар, чадамжийн тухай асуудал яригдаж байгаа юм. Тэгэхээр манайхыг  төгсөөд багш болсон  залуу мэрэгжилтэн маань юу юу чадаж байна вэ, юуг чадахгүй байна вэ гэх зэргээр бид ажлаа хэмжигдэхүйц болгож байгаа юм. Ингэж бүх шатны сургалтууд чанараа хэмждэг байх, сургалтын үйл явц эцсийн үр дүн нь хэмжигдэхүйц байх чиглэлд өнөөдрийн хурал гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Үүнтэй холбогдон сургалтын онолууд ч их яригдлаа. Ямар онолыг баримтлан сургалтаа явуулах нь чанартай байх вэ гэдэг ч юм уу нөгөө талаас сурах үйл явцын талаар, суралцагчдынхаа итгэл хүлээлтийн талаар академич Б.Жадамбаагийн “Боловсролын үйлчилгээний чанарыг амь ухааны үүднээс шинжсэн дүн” гэсэн илтгэлд тодорхой хөндсөн байна.

-Оюутан гэдэг маань нэг талдаа та бүхнээс  боловсролын үйлчилгээ авч буй үйлчлүүлэгч. Тэгэхээр  та бүхэн үйлчлүүлэгдээ үйлчлэх чанарын асуудлаа яаж дээшлүүлж байна?

-Үйлчилгээ үзүүлж буй гэдэг утгаараа боловсролын байгууллага үйлчилгээний байгууллага мөн. Тэднээс үйлчилгээ авч буй үйлчлүүлэгч гэдэг бол оюутан сурагчид. Тэгвэл өгч буй зүйл нь авч буй үйлчлүүлэгчийнхээ /оюутныхаа/ хүлээлтэд хүрч байна уу гэдэг чухам энэ чанарын асуудал болж байна. Хүлээлтэд нь хүрэхгүй юм уу хүлээлтээс нь зөрчихөөр л чанаргүй болчихож байгаа юм. Энэ мэт чанарын асуудал олон зүйлээс хамаарна. Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхол, хүлээлтийг мэдрэх бол нэг хэрэг. Харин мэдрэмжинд нь тохируулж өөрийн өгөх үйлчилгээг шинэчлэх нь чухал. Ингээд цаашлаад үйлийн асуудал. Үйл нь хүрлээ гэхэд эргээд үр дүнгээ өнөө үйлчлүүлэгчээс яаж мэдэх вэ гэх мэт олон зүйл байна

-Чанарыг дүнгээр хэмжих нь хэр үр дүнтэй байдаг юм бол? 

-Сүүлийн үед манай сургууль даалгаврын санг буй болгож байгаа. Дүнгээр хэмждэг асуудал одоо бол харьцангуй болж байна. Жишээ нь, Финландад хүүхдийг баллаар үнэлэх, сайн муу гэж хэлэхээс татгалзах хандлагатай болсон. Энэ нь хүний эрхийн тухай асуудал,ялгаварлан гадуурхах гэх мэт зүйл байна. Тэгэхээр үнэлгээний асуудал бол бас чанартай холбоотой л зүйл энэ мэтчилэн сонсоход энгийн боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж гэсэн асуудал яригдаад байгаа мэт боловч маш их өргөн хүрээтэй олон талт асуудлыг олон улсын түвшинд ярьж хэлэлцэж байна гэж үзэж болно. 

-Олон улсын эрдэм шинжилгээний энэ хуралд  ямар улс орны эрдэмтэн мэргэд илтгэлээ хэлэлцүүлсэн бэ?

-БНХАУ, АНУ, БНСУ,ОХУ,Япон зэрэг улсаас эрдэмтэд ирж оролцсоноос гадна манай өөрийн олон арван эрдэмтэд үндсэн ба салбар хуралдаануудаар илгэлээ тавж хэлэлцүүллээ. Хурал маш их амжилттай, сайхан болж өндөрлөлөө.