ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Түр хороо өөрийнхөө зорилго чиглэлийг биелүүлж байж татан буугдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-01

Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийг шалгах үүрэгтэй түр хороог УИХ-аас байгуулаад байгаа билээ. Тэгвэл түр хороо өчигдөр анхдугаар хуралдаанаа хийж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг томилсон юм. энэхүү шийдвэрийг өнөөдөр УИХ-аар албажууллаа. Тэгвэл ажлаа дөнгөж аваад буй Түр хорооны дарга Ж.Батзандан хэргийг илрүүлэхийн төлөө тууштай ажиллана хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Олон улсын парламентын холбооноос /ОУПХ/ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгалттай холбоотойгоор 50 гаруй тогтоол, зөвлөмж гаргасан. Одоо ч шинээр зөвлөмж ирж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, эрүү шүүлт, хэрэг хүлээлгэх явц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Олон улсын хүний эрхийн конвенцийг бүх талаар зөрчсөн учраас парламент нь анхаарч ажиллаач гэж зөвлөмж ирүүлсэн. 

21 жилийн дараа анх удаа парламентын танхим энэ хэрэгт анхаарал хандуулж, түр хороо байгуулж, парламентын бүтцээрээ анхаарал тавих нь ээ. Түр хороо өөрийнхөө зорилго чиглэлийг биелүүлж байж татан буугдана. Аль болох богино хугацаанд идэвхтэй ажиллаж, ОУПХ-оос гаргасан зөвлөмж, шаардлагыг анхаарч ажиллана. Ажлын төлөвлөгөөнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах, тэдний гэр бүлтэй уулзах гэх мэт асар их ажил байгаа” гэв. Түр хороо нь долоон гишүүнтэй бөгөөд ихэнх нь гурваас дээш сонгогдсон туршлагатай парламентын гишүүд байгаа аж. Тэд ирэх долоо хоногт хуралдаж ажлын төлөвлөгөөгөө батлахаас гадна ОУПХ-оос ирсэн дүгнэлт зөвлөмжтэй танилцах ажлын хэсэг байгуулах гэнэ. Мөн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч, прокурор, хэргийн сэжигтэн, хохирогч нартай уулзахаас эхлээд хийх ажил олон байна хэмээлээ.