ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтэрдэг болохыг дэмжив

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-02

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр фэйсбүүтк регистрийн дугаараар бүртгүүлж орох тухай заалтыг олонх гишүүн дэмжлээ. Гишүүд зармын зөрүүтэй саналаар үг хэлж байна.

Т.Аюурсайхан: Давамгай байдлаа сөргөөр ашиглах гэж нэр томъёо байхгүй. Хууль бусаар давамгай байдлаа ашиглах гэж тодорхойлолт байдаг. Давамгай байдлаа сөргөөр ашиглана гэвэл үүнийг зохицуулах хууль эрхзүйн нэр томъёолол байхгүй. Тиймээс хуулийн нэр томъёоны асуудлыг анхаарах ёстой.

М.Билэгт: МХЕГ Харилцаа холбоонд хамааралгүй болох юм уу. Харилцаа холбооны газарын улсын байцагч нар МХЕГ-ын байцаагчтай давхардаад байна гэж ойлгож байна. Үүнийг дэмжиж болохгүй заалт гэж үзэж байна. 

Д.Дамба-Очир: Харилцаа холбоо, Радио, Шуудангийн хуулийг дэмжиж байгаа. Сүүлд орж ирсэн Гаалийн хууль, Татварын хууль зэрэгт улсын байцаагчаа өөртөө аваад байгаа юм. Тийм юм бол МХЕГ-ыг татан буулга. МХЕГ-аас нэг нэгээр нь аваад байдагаа болих хэрэгтэй. Мэргэжлийн хяналт тусдаа байх ёстой гээд тусад нь байгуулсан. Байнгын хороогоор орж ирж байгаа олон хууль байцаагчийнхаа эрхийг авах гээд зүтгээд байна. Энэ талаар Засгийн газраас шийдэлд хүрэх хэрэгтэй. 

Ажлын хэсэг: Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Зохицуулах хорооны дарга Улсын байцаагчийн эрхтэй байна гэж орж ирсэн. Одоо байгаа хуулийн зохицуулалт нь уг нь ойлгомжтой. Гэхдээ дарга нь байцаагчийн ажлыг хийх боломжгүй байдаг. Ажилтнаа явуулаад байдаг. Засгийн газраар хэлэлцэхээс өмнө Мэргэжлийн хяналтын газар саналаа өгөөгүй юм билээ. Өргөн барьснаас хойш манайд бичиг нь ирээгүй. Одоо байгаа заалтаа л илүү тодорхой болгож байгаа юм. 

Б.Жавхлан: Улсын байцаагч гэж байгаа нь давхар орон тоо биш. Зөвхөн эрхийг өгөөд ажиллуулах тухай ярьж байгаа юм. 

Я.Содбаатар: Өнөөдрийн байгаа тогтолцоогоороо  л явах ёстой. Одоо яриад байгаа энэ зохицуулалт чинь одоо байгаа хуульдаа бий. Салбарын Улсын байцаагчийн эрхийг авч байгаа бол тэр салбарын Ерөнхий байцаагчийн эрхээс гарчихдаг. Салбар доторх хяналтыг салбарын Улсын байцаагч хийдэг зохицуулалт одоо байгаа. Тэгэхээр одоо санал хураах гээд байгаа хоёр заалт хэрэггүй. Ингэхгүй бол улсын байгууллагын дарга Улсын ерөнхий байцаагч болох гээд байна. 

Чуулган үргэлжилж байна.