ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн МАН-ын Бага хурал хойшилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-07

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаа 60 тэрбумын асуудлаас үүдэж өгөхөд хүрсэн билээ. Тэрбээр, өнгөрөгч онд албан тушаалаа өгөхдөө тамгаа Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод хүлээлгэн өгөөд явсан юм. Улмаар жил гаруйн хугацаанд Нийслэлийн МАН-ынхан үүрэг гүйцэтгэгч, хууль бус даргатай явж байсан билээ.

Тиймээс намын жирийн гишүүд шаардлага тавьж, даргын албан тушаалыг жинхлэх, улмаар доод дунд шатандаа намын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага тавьсны үндсэн дээр Нийслэлийн МАН-ын даргын сунгаа эхэлсэн юм. Тэд өнгөрсөн хугацаанд хангалттай зөрчилдөв. Хууль бусаар тамга авсан Су.Батболд гэхэд л суудлаа хамгаалж үлдэхийн тулд ажлын хэсэг хуралдуулж, дарга нарт зориулан 69 квот гаргасан нь багагүй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Өөрөөр хэлбэл, намын даргыг сонгох Бага хуралд нийт 302 төлөөлөгч, нийслэлийн есөн дүүргийн намын үүрээс сонгогдох учиртай. Гэтэл энэ суудлын 69 квотыг дарга нарт зориулж бэлтгэсэн асуудлаас үүдэж, дотооддоо багагүй зөрчилдөж, улмаар өнөөдөр товлогдоод байсан 34 дүгээр Бага хурлыг хойшлуулахад хүрчээ. Хугацаа хэдий хүртэл хойшилсон нь тодорхой бус байгаа ч ажлын хэсэг дахин хуралдаж товоо зарлах аж. Эх сурвалжийн хэлж буйгаар нэг долоо хоног буюу энэ сарын 15-нд хуралдаж магадгүй юм байна.