ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зөвхөн регистрийн дугаараараа фэйсбүүкт нэвтрэхийг дэмжив

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-05

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд багагүй маргаан дагуулсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, иргэд фэйсбүүк цахим сүлжээнд өөрийн регистрийн дугаар болон өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараар нэвтэрдэг байх заалтыг нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгасан юм. Энэ нь байнгын хорооны хуралдааны дараа иргэдийн зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлана хэмээх эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гишүүдийн дунд ч фэйсбүүкт зөвхөн регистрийн дугаараар нэвтэрдэг болох нь иргэдийн эрх чөлөөг хязгаарласан болно хэмээн шүүмжилж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ заалтыг эрс эсэргүүцэж, ардчилсан орны төрийн түшээд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахыг хуульчлах гэж байгаа нь эмгэнэл хэмээн бухимдав. Харин гишүүдийн олонх нь буух эзэнтэй, буцах хаягтай болгох нь зөв хэмээн үзэж, уг заалтыг дэмжсэн юм. 

Учир нь цахим орчинд иргэд хуурамч нэрээр, хуурамч хаяг үүсгэн түүгээрээ дамжуулан бусдыг доромжлохоос эхлээд элдэв гэмт хэргүүд ч үүнээс үүдэлтэй гарах болсныг гишүүд онцлов. Бүр иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд үг хэлснийхээ төлөө доромжлуулж байна хэмээн бухимдах хүн нэгээр тогтсонгүй. Манай улс 3.2 сая фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүнд давхиж явааг Н.Учрал гишүүн онцоллоо.  Тиймээс олон нийтийн цахим сүлжээний хэт хяналтгүй байдлыг хязгаарлах үүднээс тухайн иргэн зөвхөн өөрийн регистрийн дугаар болон өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараар нэвтрэн ордог болох ёстой хэмээн олонх гишүүн уг заалтыг дэмжив. Ингэснээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах үйлдэл болохгүй гэдгийг олон гишүүн учирлав. 
Уг хуулийн төслийн маргаан дагуулсан бас нэгэн заалт нь ХХЗХ-нд Харилцаа холбооны Улсын байцаагч ажиллана гэсэн заалт байлаа. Энд ХХЗХ-ны дарга Улсын байцаагчийн эрхтэй байна гэж тусгажээ. Үүнийг М.Билэгт тэгүүтэй гишүүд Мэргэжлийн хяналтын байгууллагын эрхийг авч, төрийн хяналт шалгалтын тухай хуультай харшилж байна хэмээн шүүмжлэв. Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны газрын улсын байцагч нар МХЕГ-ын байцаагчтай давхардаж байна хэмээн үзэж, уг заалтыг дэмжиж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд энэ нь төрийн хяналт шалгалтын хуультай харшлах зүйл байхгүй хэмээн тайлбарлав. Ингээд уг заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь дэмжив.