ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэлэлцэж суух зуур хүчирхийлэл хүрээгээ тэлсээр байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-07

Хүний наймаа, амиа хорлолт, хар тамхи, аймшигт хүчирхийллийн тухай бид зөвхөн уран сайхны кино эсвэл дэлхий дахины мэдээнээс л сонсдог байлаа. Гуравхан сая хүн амтай манай улсад, ийм хэргүүд хажууханд гарч байх юм гэж хэн төсөөлөх билээ. Гэтэл хүний ёсноос гадуурх аймшигт хэргүүд сүүлийн үед шил дараалан цуварсаар байна.

Хойд цэгтээ зодуулсны улмаас дөрвөн настай хүү есөн удаагийн хагалгаанд оров. Ой найман сартай хүүг аавынх нь найз хүчиндлээ.  13 настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөлөө. Сүүлийн хоёр жилийн дотор цэцэг цэврүү шиг гурван ч охин газрын гаваар орсон мэт ор сураггүй алга болж, өнөөдрийг хүртэл сураг нь гарсангүй. Хоёрхон хоногийн дотор эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэг хоёр ч удаа гарлаа. 

Алтан амиа хорлосон явдал долоохон хоногийн дотор мөн л хоёр удаа гарав. Амтай бүхэн ярьж буй  хүүхэд хамгаалал хаана байна вэ. Сэтэртэй бүхэн зарлаад байгаа хүчирхийллийн эсрэг бодит ажил хаана байна. Манай улсад хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бүртгэлтэй байдаг аж. 100 ямаанд 60 ухна гэгчээр гуравхан сая хүн амтай оронд хүүхэд хамгааллын 22 байгууллага байгаа атал хүчирхийллийн асуудал гамшгийн хэмжээнд хүрч, өдөр алгасахгүй шахам гэмт хэргүүд гарч байгаа нь хэвийн үзэгдэл үү,дарга нар аа. Хүний амь эрсдэж, хүүхэд золиос болох тоолонд уралдан шүүрч аваад, хэлэлцүүлэг зохион байгуулж “оноо”-ны төлөө марафонд гүйхээс илүү үр дүнтэй бодит ажил байхгүй юм гэж үү.

Хүчирхийлэлтэй хэлэлцүүлгээр тэмцсээр хэчнээн оныг үдэх вэ. Хэчнээн нялхсыг араатнуудын золиос болгох юм бэ. Хүчирхийллийн тухай тоо баримт дурдаж, өсч байгааг нь шагшин хэлэлцэж байх зуур олон арван хүүхэд, түүнээс ч олон эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийллээс хамгаалах сэдэвтэй хэлэлцүүлэг сар алгасахгүй болдог. Сар бүү хэл өдөр алгасахгүй болдог гэхэд ч хилсдэхгүй. Өчигдөр л гэхэд хүүхэд хамгаалал, хүчирхийллийн чиглэлээр дөрвөн уулзалт хэлэлцүүлэг нэгэн зэрэг болов.

Төрийн ордонд хүчирхийллийн эсрэг хуулийн талаар улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгуул­лага­тай хамтран мөн л хүүхдийн хүчир­хийллийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг хэрэгжилтийг шалгах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалалаа.

Энэ үед МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүд болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлэв. Уламжлалын дагуу өчигдрийн арга хэмжээнүүд ч мөн нийгэмд гарч буй гэмт хэргүүд, хүчирхийлэлд өртөж буй тоо баримтыг ам булаалдан дурдаж, сэтгэл эмзэглэж, харамсаж байгаагаа илэрхийлснээс өөрөөр хальж давсан дорвитой зүйл ярьсангүй. Дарга нарыг хуралдаж байх суух хүчирхийлэгчид улам бүр хүрээгээ тэлж, улам харгис хэрцгий үйлдлүүд гарсаар. Сэтгэл урж, нийгмийг цочроосон хүчирхийлэл гарах үед ёс мэт хэлэлцүүлэг зохион байгуулж сүрийг үзүүлээд, хэдхэн сарын дараа мартчихдаг  жишиг нэгэнт тогтжээ. 

Дөрөвхөн настай бяцхан охин хойд эхдээ зодуулж, амиа алдаж байсныг тухайн үед нийгэм даяараа л шогшрон харамсаж байлаа. Тэр үед мөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг зуу зуугаар тоологдох сургалт, хэлэлцүүлэг өрнөж байсан ч нялхсыг тамлах харгислал өнөөдөр улам олширсныг бид харж байна. Гурван настай төрсөн хүүгээ зодож аминд нь хүрсэн 45 настай эрийг одоогоос дөрвөн жилийн өмнө мөн л бүх нийтээрээ жигшин зэвүүцэж байсан ч хэсэгтээ шуугиад бас л мартсан. Төрсөн эцэг нь хүүхдээ хүчирхийлсэн хэргүүд ч нэг бус удаа гарч байлаа.

Энэ бүгдэд ёс мэт хэлэлцүүлэг зохион байгуулаад л өнгөрдөг. Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагуудын энэ олон хэлэлцүүлэг ямар үр дүнд хүрсэн юм бэ. Үр дүнгийн талаар ярихад тэд өөрсдийгөө өмгөөлж, сайн ажилласан, бүр олон улсад сайшаагдсан хэмээн бахархаж байх юм. Өчигдрийн хүүхэд хамгааллын хэлэлцүүлгийн үеэр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын ажилтан н.Пагма гэх эмэгтэй Монгол Улс хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа байдлаараа дэлхийн улс орнуудаас 49-д жагсдаг. Хүчирхийллийн эсрэг эрчимтэй тэмцэж байгаа сайн жишээнд манай Улсын нэр ордог талаар дуулгалаа. сайн ажиллаж байгаагийн үр дүн нь хаан байгаа юм бэ.

Ганцхан жилийн дотор 1688 нялх үрс гэмт хэргийн хохирогч болсон байна. Хамгийн аймаар нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн дийлэнх нь насанд хүрээгүй буюу 13-аас доош насны хүүхдүүд байна.  Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 34 хүүхдийн 20 нь насанд хүрээгүй буюу 14-өөс доош настай байсан талаар нэг байгууллагын төлөөлөл мэдээлэхтэй залгуулан нөгөө нэг нь “бид сайн ажиллаж байна” хэмээн ярьж байгаа нь хүүхэд хамгаалах нэрийдлээр улсаас төсөв мөнгө зарлагадан зохион байгуулдаг хэлэлцүүлгүүд ямар үр дүнтэй байдаг вэ гэдгийг харуулж байгаа юм. Хуралдаж байх хооронд чинь хүчирхийлэл хүрээгээ тэлсээр байна дарга нар аа. Зуу зуугаар бус мянга мянгаар тоологдох хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлүүлж байна. Хэлэлцэж дууссан бол, одоо хэрэгжүүлэх ажлаа яаравчлах хэрэгтэй байна.