ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Амьдралд нь учруулсан гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-08

Хуульзүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэрэгт нэр холбогдон шүүхээс 20-25 жилийн ял шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа билээ. Тэгвэл энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Ц.Нямдорж сайд хэлэхдээ “Хэлмэгдэж хилсээр шийтгүүлсэн бол хохирол нөхөн төлөх тухай асуудлыг ярина. Гэхдээ төлж чадахгүй юм байгаа. Энэ хүмүүсийн амьдралд учруулсан хохирол, гашуун гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй. 

Энэ чинь зөвхөн хоёр гурван хүн хохирч байгаа асуудал биш юм. Үр хүүхэд, настай ээж, ах дүү, удам сударт нь хохирол учирсан. Тухайлбал, тэр нас барсан залуу С.Зоригийн аминд халдсан юм гэнэ лээ гэдэг хаягтай үлдэнэ шүү дээ. Үр хүүхэд хамаатан садан нь гэр бүл боллоо гэхэд ямар нэр төр үлдэх вэ” хэмээлээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн захиалагчийн асуудлыг Тагнуулын байгууллага шалгах бөгөөд шүүхийн шийдвэртэй асуудал нь захиалагчийг илрүүлэхэд асар их хохирол учруулна гэлээ. 

Мөн талийгаачийн эхнэр, гэрч Б.Булганыг 10 сар хорьж юу ч биш болгосон бөгөөд дэлхийн түүхэнд байхгүй асуудал бий болсныг тэр хэлж байлаа. Учир нь шүүх хуралд цорын ганц гэрчийг оролцуулаагүй бөгөөд Б.Булганы хэлж зуруулсан зургаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шийтгэсэн гэдгийг хэлж байлаа. Тийм ч учраас Б.Булганыг заавал шүүх хуралд оролцуулах ёстой байсан гэв.