ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-12

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн хурлынхаа мэдээллийг сэтгүүлчдэд өгч байна. Харин АН-ын зөвлөлийн хурал маргааш хуралдахаар болсон бөгөөд хэлэлцэх асуудал нь тодорхойгүй байгаа аж.

Тэгвэл Ардчилсан намын удирдлагууд болох УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, "Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж нарын холбогдох албаны хүмүүс энэ сарын 11-15-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.

Үзэл баримтлалаа танилцуулах аян өнгөрөгч амралтын өдөр Хэнтий аймагт үргэлжилсэн бөгөөд өнөөдөр Дорнод аймагт намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаа аж. "Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян"-ы  хүрээнд гишүүдийнхээ санал хүсэлтийг сонсохоос гадна үзэл баримтлалаа танилцуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүргэх юм байна.