ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: 20 хүртэлх сая төгрөгийг “Итгэлийн зээл” хэлбэрээр олгоно

O.Admin
2019-05-12

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.05.13/ хуралдаанаар бага орлоготой, барьцаа хөрөнгөгүй иргэд “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл санаачлах болсон талаараа мэдээлэл хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 27 гишүүн санаачилжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “"Итгэлийн зээл" олгох гэдэг нь 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан асуудал. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан байгаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн боловсруулсан. Өнөөдрийн бүлгийн хурлаар энэ хуулийн төслийг тал, талаас нь хэлэлцэж үзээд дэмжих нь зүйтэй гэж санал нэгдсэн” гэлээ.

Хуулийн төслийг санаачлагч Д.Оюунхорол гишүүн “Иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад энэ хуулийн төсөл чухал юм. Барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгох тухай асуудал юм. Монгол Улс 2016 оны байдлаар 3.1 сая хүн амтай байсан. 973 мянган хүн буюу 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол өрхийн орлоготой болгох шаардлага байгаа. Тиймээс  хуулийн төслийг санаачилсан юм.

Орлогын тэгш бус хуваарилалт газар авсан байна. Боломжтой хэсэг нь банкны урт хугацаатай, хүү багатай зээлийг сүүлийн 30 гаруй жил авсан. Гэтэл орлого багатай, зорилтод бүлгийн иргэдэд энэ зээлийг авч чадахгүй байгаа юм. Чадахгүй байгаа шалтгаан нь барьцаа хөрөнгө байхгүйтэй холбоотой” гэлээ.

Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг аж. Тиймээс “Итгэлийн зээл”-ийн дээд хязгаарыг 20 сая гэж тогтоосон тохиолдолд давхардсан тоогоор гурван сая иргэн барьцаагүй зээл авах боломж бүрдэх юм байна. Мөн зээл авах иргэдэд хатуу шаардлага тавина гэдгээ хууль санаачлагч онцлов. Тодруулбал,

-Хугацаа хэтэрсэн зээлгүй, өрх гэрт нь зээлий муу түүхтэй хүн байхгүй бол давуу тал болно

-Аль нэг банк санхүүгийн байгууллагад батлан даагчаар орсон бол өгөхгүй.

-Сүүлийн нэг жилийн хугацаанд өрхийн болон бичил бизнес эрхэлж байсан туршлагатай.

-Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээд батлан даагч болно.

-Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байх ёстой юм байна.

Үүнээс гадна нийгэм, эдийн засгийн хэд хэдэн давуу тал бий болно гэв. Нэгдүгээрт, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно. Хоёрдугаарт, Монгол Улсад өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангана. Гуравдугаарт, өрхийн дундаж орлого нэмэгдэж, орон нутгийн тогтвортой хөгжил урагшилна. Дөрөвдүгээрт, иргэдийн санхүүгийн сахилга бат нэмэгдэнэ гэж үзжээ.

Хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан бөгөөд Засгийн газраас дэмжих юм бол ажлын хэсгийн зүгээс УИХ-д оруулж, яаралтай горимоор хэлэлцэх юм байна. Хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нөхөн сонгуульд намын дарга нэр дэвших үү?

-Энэ асуудлыг огт яриагүй. Намын Бага хурлаар шийднэ. Энэ сарын сүүлээр буюу тавдугаар сарын 24-28-нд хэлэлцэх юм.

-Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуультай холбоотой маргааныг хүлээж авчихвал сонгууль болохгүй юм биш үү?

-Бид мэдээлэл аваагүй байна. Сэтгүүлчидтэй адилхан мэдээлэлтэй байгаа. Иргэн өгсөн үү, өгөөгүй юу гэдгийг мэдэхгүй байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу. Мөн бусад чухал хуулийн төслүүд байгаа. Улс төрийн намын санхүүжилт, Сонгуулийн тухай хууль гэх мэт?

-Ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гарах байх. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж бодож байна. Таван дэд ажлын хэсэг ажиллаж байна. Сонгуулийн тухай хууль бэлэн болчихсон. Засгийн газраас санал авах гээд өгчихсөн байгаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг нягталж байна. Бэлэн болоогүй байгаа.