ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АСЕМ-ыг хятадууд, Оюутолгойг австраличууд, С.Баярын хаусыг америкчууд...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-13

Эгэл борчуудын холбогдсон хэрэг гэрлийн хурдаар шийдэгдэж, даруй “Бүгд найрамдах” уншин төрийн төмөр нүүрийг харуулдаг. Харин эрхтэн дархтнуудын хэрэг шалгаж байгаа гэх халхавчийн цаана цаг хожсоор хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж хаагддаг. Энэ бол борчууд хийгээд боссуудын ялгаа зааг, өнгө мөнгөний үнэн төрхийг илэрхийлэх захын  жишээ. 10 мянган төгрөг хулгайлсан эмэгтэй арван жилийн хорих ялаар шийтгүүлж, цэл залуу насаа нарсанд өнгөрөөж байлаа. Хулгай хийсэн нь, хууль бус үйлдэл гаргасан нь үнэн учраас шударга бус гэх өмгөөлөл хэтэрхий хүчгүйдэх тул тэгсхийгээд л намжсан. Өвчтэй ээжийгээ тэжээн амь зууж байсан 16 настай хүү 60 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжгүйгээсээ болж, шүүхээс мөн л 10 жилийн ял авч байв.  20 мянган төгрөгийн үнэтэй гар утас хулгайлсан хүүхэд 12 жилийн ял сонсож байсныг уншигч та санаж байгаа байх. Гэтэл мөнгө бүү хэл эх орноо арилжаалаад модон сандлаа зөөлөн буйдангаар сольж, тухлан суудаг эрх мэдэлтнүүд дархлагдсаар. Манай улсын хууль, шүүхийн байгууллага, шударга ёсны бодит дүр төрх энэ. Ядуу ардад хүчийг үзүүлж, сүрийг бадруулан төрийн төмөр нүүрийг харуулдаг атал, эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хол­богдсон хэрэг таг чиг. Сураглахад “мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гээд ам таглана. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал шалгах ажиллагаа дуусдаггүй жишиг хууль, хяналтын системд тогтоод удлаа.

Тийм ч учраас хууль, шүүхийн байгууллагынхныг эрх мэдэл, эд хөрөнгөөр баялаг элитүүдийн халаасанд ташраараа орчихоод, хө­дөлж чадахгүй байна уу гэх хардлага түмний дунд түгээд байгаа юм. Монголын хууль хүчнийхэн хөдөлж чадахгүй байгаа учраас л дуулиан дагуулсан томоохон хэргүүдийг дандаа гадны улс, орныхон илрүүлж, олж хараад байна уу гэж хардах хүн цөөнгүй боллоо. Эс бөгөөс төр, бизнесийн томчуудын хэрэгт Монголын хууль жулдаад байна уу. Хуулиас давсан хулгай гэж бий болчихсон хэрэг үү. Хэн нь хэдэн төгрөгийн авлига хэнээс хэзээ авсан тухайгаа ам булаалдан, зарлах атал эдгээр хэргүүдээс ядаж нэг нь шийдэгдсэн нь хаана байна вэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээн хууль, хя­нал­тын байгууллагын дар­гын ширээнд тоосонд да­раг­дан хэвтсээр л байгаа. Сүүлийн 10 жилийн дотор гарсан олны анхаарлыг татсан томоохон хэргүүдээс өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдсэн нэг ч болов эрх мэдэлтний холбогдсон хэрэг байна уу. Үгүй. Энэ нь манайд төрийн хууль бус эрх мэдэл, албан тушаал, авлига ноёрхож байгааг харуулах тод жишээ болох биз ээ. Улс төрийн хүрээний том гэх тодотголтой хэргүүд өнөөдрийг хүртэл шийдлээ олохгүй дүлэгнэж байгаа шалтгаан нь хүн бүхэнд бус хэн хүчтэйд үйлчилдэг хуультай учраас тэр гэж дүгнэмээр байна. Дургүйд хүчгүй учраас эрх мэдэл, эд хөрөнгөтэй элитүүдийн холбогдсон хэрэг шалгагдаж дуусдаггүй болов уу. Олны дунд шуугиан тариад буй, ноцтой хэргүүдийг дандаа гадныхны “мэдээллээр” илрүүлж байгаа шалтгаан нь юундаа байна вэ. АСЕМ-ыг далимдуулж мөнгө завшсан хэргийг ч, Оюутолгойн гэрээний авлигын хэргийг ч гадныхан л анхлан мэ­дээл­­сэн.

Тодруулбал, АСЕМ-ыг далимдуулан сая саяар нь мөнгө шам­шиг­дуул­­­сан хэргийг хятадууд анх мэдээлсэн бол эх ор­ных­оо баялгийг хоослох, Оюу­толгойн гэрээг 10 сая ам.доллароор  наймаалцсан хэр­гийг ч мөн Австралийн  Конгрессийн гишүүн асан Скотт Лудлам анхлан мэдээлснээр нийгэмд цочрол өгч, шуугиан дэгдээж байлаа. Ерөнхий сайд асан С.Баярын алдарт долоон байшингийн хэргийг бас л АНУ-ын төрийн албадын олон нийтэд нээлттэй мэдээлэл бүртгэлд үндэслэн тус улсын орон сууцны бүртгэлийн “spokeo.com” гэх сайт мэдээлсэн байдаг. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас мэдээлээгүй бол С.Баярцогтын оффшорын хэргийг Монголын хууль, хүчнийхэн илрүүлэх эсэх нь ч эргэлзээтэй. Дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөн­гө эргэлдүүлдэг оффшор бү­сэд Монголын 49 ир­гэн данстай болохыг мөн л Олон улсын эрэн сур­валж­лах сэтгүүлчдийн консерциумын­хан дэлгэсэн. Үүгээр Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захи­рал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анх­баяр, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нар нууц данстай байсан нь илчлэгдсэн байдаг. Энэ жагсаалтад УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Ч.Батзориг, С.Баярын охид Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр ч байсан юм. Бүтэн 20 жил шалгасан ч эргэлзээ дагуулсан хэвээр буй С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг ч мөн ОУПХ-ноос анхаарч, эдүгээ улстөрчдийн ярианы гол сэдэв болгоод буй юм.

ОУПХ-ноос анхлан энэ талаар ам нээгээгүй бол “хулгайчид”-ынхаа эрх­шээлд орсон Монголын төр, хууль хүчнийхэн  хоёр хүний амьдралаар туг тахиад өнгөрөх байсан уу. Монголын төрд үлэмж хэмжээний хохирол учруулахуйц ноцтой хэргүүдийг дотоодын хууль, хяналтынхан яагаад мэд­дэг­гүй юм бэ. Учир нь юундаа байна вэ. Томчуудын хэргийг илрүүлэхэд Монголын хууль жулдаад байна уу, хуульчид нь жулдаад байна уу. Эсвэл хууль тогтоогчид хулгайдаа таарсан хууль батлаад байгаа юм уу. Гадныхан хэргүүдийг илрүүлээд, баримтуудыг олоод өгдөг хэдий ч манай хуулийнхан шургуулгандаа хийгээд, гараа тосоод суучихдаг хэрэг үү. Эс бөгөөс дээр дурьдсан хэргүүдээс гадна сүүлийн хоёр жилд олны анхаарлын төвд байгаа “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хэрэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэрэг, “Үнэ тогтворжуулах хөтөл­бөр” болон Хөгжлийн банк­наас санхүүжүүлсэн төсөл хөтөл­бөртэй холбоотой хэрэг, агаарын бохирдлыг буу­руу­лахад чиглэсэн тө­сөл, хөтөлбөрүүдтэй хол­боо­той хэрэг,  алдарт 60 тэрбум, ЖДҮ-чдийн хэргүүд өнөөдрийг хүртэл ядаж нэгийг нь шийдчихсэн баймаар. Ерөөс Монгол Улс олон улсын анхаарлыг муугаар л татаж байгаа. Хүний эрхийн ноцтой зөрчил, хулгай, авлига, оффшор. Нүдэн балай чихэн дүлий мэт чимээ аниргүй байгаад нь гайхахдаа гадныхан ийнхүү баримт нотолгоо өгч хөндлөнгийн хэрэгт анхаарал хандуулж байх шиг. Томчуудын хулгайд төрийн хууль жулддаг баймааргүй.