ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Итгэлийн зээл гэдэг бол сонгуульд зориулсан “үлгэр”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-13

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болон, гурван хувийн хүүтэй 20 саяын итгэлийн зээл, 10 сая ам.долларын авлига авсан гэх сайдын талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, "Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн сонгогчид хоёр жил шахам төлөөлөлгүй явж байна. Хэнтийн сонгогчид АН-аас УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тавьсан. Энэ тойрогт сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Тиймээс өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Нэг талаараа улстөржүүлсэн гэж үзэж байгаа ч УИХ-ын ёсзүйд байж болохгүй зүйл болсон. УИХ-ын нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ гаргасан. Харин Д.Гантулга гэдэг хүн Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргасан байна. Тийм учраас ҮХЦ-д хандаж, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг хэлж байгаа. АН-ын зүгээс сануулга мэдэгдэл хүргүүлж байна. Учир нь ҮХЦ эрх баригчдын талд шийдвэр гаргаж, 42 дугаар тойргийнхныг төлөөлөлгүй болгохоор байгаа. Улс төрийн сонгуулийг хэн нэгний захиалгаар санаатай болон санамсаргүй гацааж болохгүй. Өмнөх гацаалт ойлгомжтой байсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн нэр дэвших эрх зөрчигдлөө гэж гацаасан. Одоо тэр хүн нэр дэвших эсэх нь эргэлзээтэй. ҮХЦ улс төрийн захиалгаар буруу шийдэл гаргалаа гэж үзвэл ҮХЦ байх уу, үгүй юу гэдгээр асуудал тавина" гэв. 

-МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгоно гэж байгаа тал дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-ЖДҮХС-гийн мөнгийг дээгүүрээ зохион байгуулалттайгаар хулгайлж авсан хүмүүс. Өнөөдөр үүнийгээ цайруулах гэж янз бүрийн л улстөржилт хийж байгаа. Мөн үүнийгээ илааршуулахын тулд доогуур нь 20 сая төгрөг гүйлгэх арга. Энэ бол сонгуульд зориулагдсан зээл. 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаад гуравхан хувийн хүүтэй, барьцаагүй зээл гэж байхгүй. Бэлэн амлалт хэрээс хэтэрлээ. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс зээл өгөх гэж байгаа бол халамж. Хэрвээ ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүстээ зээл олгох гэж байгаа бол хүүг нь бууруулах хэрэгтэй. Төсөв хэмжээтэй. Итгэлийн зээл гэж гаргаад 20 сая төгрөг өгөөд 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргана гэдэг үлгэр. Эрх баригчид хэдий болтол ард түмнийг хуурах вэ. 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаасаа л биелүүл.

-Сайд нар 10 сая ам.долларын авлига авсан гэсэн асуудлыг танай зөвлөл хэлэлцсэн үү?

-Нэг сайд нь энэ хэмжээний авлигад өртөх мөнгө авдаг бол мянга сайхан мөрөөдөөд хэрэггүй. Бид энэ асуудлыг хэлэлцээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хандана. Эрх баригчдын үйлдэл "хулгайч хулгайчаа бариарай" гэдэг шиг харагдаад байна.