ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хоёр сайд авлига аваагүй гэдгээ мэдэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-14

У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг сайд гадны хөрөнгө оруулагчдаас 10 сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татаад буй. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга энэ асуудалд тайлбар өгөхдөө “Ийм яриа хэвлэлээр гарсан. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа,  асуудал байхгүй гэсэн. Гэхдээ нэгэнт ийм яриа гарсан учраас үнэн, худлыг хуулийнхан шалгах байх” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн авлига авсан гэх сайдаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг соошл орчинд нэрлэж байсан ч Д.Сумъяабазар сайд өчигдөр мэдээлэл хийх үедээ “Би авлига аваагүй. Аяндаа цаг хугацааны эрхээр нэр нь тодорхой болох биз. Намайг ингэж гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгөөд явж байна.  Ерөнхийлөгчийн албан томилолт дагаж явсан асуудал ч байхгүй.  Нэр ашиглаж, гүтгэж байгаа хүмүүс байна. Бүр сүүлдээ нүүрс угаах үйлдвэртэй болсон гэнэ, 100 машинаар нүүрс зөөж байгаа юм гэнэ билээ гэж ч ярьсан” гэсэн юм.

Тэгвэл Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг мөн л авлига авсан сайд гэх утгатай мэдээллийг “Бүү март” фэйж хуудсаар хийжээ. Харин Ц.Даваасүрэн сайд “Намайг авлига авсан гэж гүтгэсэн “Бүү март” хуудасны цаана хэн байгааг олохдоо л олно. Хэлж өгсөн хүнд шагналтай шүү” хэмээн жиргэжээ. Ийнхүү танхимынх нь хоёр сайд асуудалд ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдлээ.