ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа, гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал хэллээ.

М.Билэгт: Адуу, үхрийн махыг экспортод гаргах асуудалд квот тогтоох хэрэгтэй байна. Квот тогтоогоогүй учраас зөвшөөрөл авч байгаа нь ихэнх нь адуу үхрийн махны зөвшөөрөл болоод байна. 

Л.Болд: Хүний эрхийн 18 дугаар илтгэлийг хэлэлмээр байна. Хүний эрхийн асуудал нийгмийн хамгийн асуудал татсан асуудал болоод байна. Энэ их хурал үнэхээр өөрчлөлт хийсэн хурал болмоор байна. Өчнөөн хэлэлцүүлэг хийдэг ч үр дүн алга. Бидний хамар дор түүхэнд байхгүй аймшигтай эрүүдэн шүүлт явагдсан байна. Эрүүдэн шүүлтэд орсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шууд суулла гэж байна хэмээн үндэсний телевиз хүртэл биднийг гүтгэж байна. Үүнийг заоруулах хэрэгтэй байна. хилсээр хэрэг хүлээн хоригдож байгаа хоёр иргэний амь насанд ямар нэг зүйл тохиолдвол төр хариуцах болно шүү. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлын хоёрдугаарт оруулж өгнө үү.

Н.Учрал: Гэр хорооллын нөхцөл байдал хүнд байна. Хүүхдээ дааруулахгүйн төлөө нүүрс түлээд 300 мянган төгрөгөөр торгуулдаг байх журам чинь хэрэгжээд эхэлчихлээ. Доороосоо халдаг “Зөв гэр” гэх технологийг хэрэгжүүлээд, эрхийг нь авчихсан байгаа. Үүнийг очиж үзээч гэж БОАЖ-ын сайдыг гуйсан ч очихгүй байна. Энэ шийдвэр хэрэгжих эсэхэд ард түмэн бухимдалтай байгаа шүү. БОАЖ-ын сайд холливудын од шиг үнэд орсон. Үүний бэлтгэл ажлын талаар мэдээллийг УИХ-аар сонсох нь хамгийн чухал асуудал болоод байна. 

Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж дууссаны дараа, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолдын төслийг хэлэлцэж эхэллээ.