ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: 100 тэрбум төгрөгөөр 1500 айлыг орон сууцтай болгож байна

O.Admin
2019-05-15

Пүрэв гарагийн чуулганы хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Ц.Гарамжав: Хамгийн чухал асуудал ажлын байр бий болгох. Ажлын байрыг аж үйлдвэрүүд бий болгоно. ЖДҮ-ийг хэрхэн төлөвлөж байна вэ. 1990 онд бүх аймагт цагаан идээ боловсруулах үйлдвэртэй байсан. Одоо нэг ч үйлдвэр алга. Цагаан идээгээ гаднаас худалдаж авах юм уу. Дэд бүтцийн асуудлаа шийдэж байж үйлдвэр хөгжинө. Эрчим хүчний асуудлууд юу болж байна вэ. 

Ц.Даваасүрэн: Эрчим хүчээр хараат бус болно гэдэг хэцүү. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулснаар эрчим хүчээр бие даасан байдал руу ойртоно. Нарны станцуудыг хөгжүүлэхэд тодорхой хүндрэлүүд үүсдэг. Тиймээс усан цахилгаан станцыг хөгжүүлье гэж байгаа юм. 

Ч.Хүрэлбаатар: Найман их наяд төгрөгийг хэвлээд эдийн засагт оруулснаар валютын савлагаанд нөлөөлсөн. Иргэдийн бодит орлого буурсан.  Шүүмжлэл ихтэй ч гэсэн эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Эдийн засгийн буруу бодлого яваад эхлэхээр олон нийтээрээ эсэргүүцэх ёстой. Ингэж байж ханш тогтвортой байж чадна. 

Ажлын хэсэг: Одоогоор цагаан идээ боловсруулдаг зургаан үйлдвэр ажиллаж байна. Цагаан идээ боловсруулах үйлдвэрийг 30-д хүргэхээр зорьж ажиллаж байна.

Д.Тогтохсүрэн: Ажлын байрны асуудал маш чухал байна. Иргэдэд хүү багатай, банкны шаардлага багатай зээл шаардлагатай байгаа. Дулааны цахилгаан станцын ажил юу болж байна. Энэ чиглэлээр Эрчим хүчний яам ямар ажил төлөвлөж байгаа вэ?

С.Чинзориг: Ажлын байр нэмэгдүүлэх асуудал зөвхөн хөдөлмөрийн яамны асуудал биш. Тиймээс энэ асуудлыг эдийн засгийн өсөлттэй уялдуулах шаардлагатай. Судалгаагаа уул уурхайн салбарт эдийн засгийн өсөлт их байдаг хэдий ч ажлын байрны өсөлт байдаггүй. Тиймээс хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засгийн өсөлт гарах тусам ажлыг байрны өсөлт гарна. Тиймээс хөнгөн үйлдвэрийн салбарын эдийн засгийг сайжруулах талаар анхаарах хэрэгтэй. 1995 оноос хойш ядуурлыг бууруулах томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжээгүй. Тиймээс ийм хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм. 2019 онд 97 тэрбум төгрөгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд зориулна.

Ц.Даваасүрэн: Дулааны цахилгаан станцын хувьд үнэхээр удаашралтай байгаа төсөл юм билээ. зээл тусламжаар барьж байгаа учраас цаад талынхаа журмын дагуу явахаас өөр аргагүй. Маш шахуу байж л энэ намар шав тавигдах болов уу гэж харж байна. Энэ намар шавыг нь тавина гэсэн төсөөлөлтэй байна. 

Ч.Хүрэлбаатар: 100 тэрбум төгрөгийг улсын төсөвт тавихад 1500 айл байртай болж байгаа юм. Тэгэхээр эх үүсвэр хангалтгүй гэдэг нь харагдаж байна. Найман хувийн хүү гэдэг бол бусад хөрөнгө оруулалтын сангуудад хүндрэлгүй. Ипотекийн зах зээлийн зарчмаар явах нөхцлийг нь бүрдүүлбэл, энэ салбар луу орж ирэх эх үүсвэр нэмэгдэх юм. Төсөвт 100 тэрбум төгрөг тавиад 1500 хүний асуудлыг шийдээд явах зөв үү эсвэл зах зэлийн зарчмыг нь бүрдүүлэх үү гэдэг чухал. 

С.Бямбацогт: 2020 он бол МАН-ын засгийн газрын сүүлийн жил. Мөрийн хөтөлбөрүүд хэрхэн биелүүлэх вэ гэдэгт ихээхэн анхаарах жил.