ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.05.17/-ийн хуралдаан 57,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн долоо хоног ажлын хэсэг, байнгын хороодын ирц бүрдэхгүй, ажилдаа ирэхгүйгээс болж хэлэлцэгдэх шаардлагатай асуудал хойшлогдоод байна. Тиймээс УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж, хэлэлцэх шаардлагатай асуудлаа хэлэлцмээр байна гэдгийг хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Хэлэлцэх асуудалд Хүний эрхийн 18 дахь илтгэлийг хэлэлцэх дарааллыг нь урагшлуулах, ирц сайтай дээрээ хуралдааны эхэнд ярих хэрэгтэй байна. Хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэгдэхээс хойшлуулаад байгаа учраас хуралдааны эхэнд хэлэлцэх горимын санал гаргасан ч Засгийн газар хуралдаж байгаа бусад холбогдох албаныхан цагтаа ирээгүй учраас саналаа татсан юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Өмнө нь зөвхөн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцдэг байсан бол энэ удаад чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна. Цаг хугацааны өмнө, хойно гэдэг байхгүй учраас хэлэлцэх асуудлаа жагсаалтын дагуу хэлэлцээд явах нь зүйтэй юм” гэсэн саналаа илэрхийллээ. Түүнээс гадна

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байхад нам дээрээ татаж авчраад хариуцлага тооцдог болжээ. Энэ одоо коммунист нөхцөл рүү орж байгаа гэсэн үг үү. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Оюутолгой компаниас хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг бид хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй байгаа. Нэг мөсөн намаас нь гишүүнээс нь хөөчих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Энэ нам одоо төрийн ажилд ордог, УИХ-ын гишүүн санал гаргасныхаа төлөө намын Хяналтын хорооноос хариуцлага хүлээж болдог юм уу. Тойрог булааж авах гэж байгаа бол авч болно. Ш.Раднаасэдээс Говь-Алтай аймгийн салгаж авах гэж байгаа бол авч болно. Гэхдээ ингэж байгууллага руу, институци рүү халдаж байгаа нь буруу.

Ийнхүү хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн учраас Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.