ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дамба-Очир: Нэг мөр гишүүнээс нь хөөчихгүй яасан юм бэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “УИХ-ын даргад хандаж хэлэх зүйл байна. Өчигдөр МАН-ын Хяналтын хороо мэдэгдэл хийсэн. УИХ дээр болж байгаа үйл ажиллагаа, ялангуяа байнгын хорооны дарга нар ийш тийш байгууллагууд руу бичиг цаас их явуулж байгаа. Гэтэл үүнийг нам хэлэлцээд сахилгын хариуцлага тооцоод, 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа юм байна. Би үүнийг ойлгосонгүй.

Манай нам коммунист нам болж байгаа юм байлгүй дээ. Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байхад нам дээрээ татаж авчраад хариуцлага тооцдог болжээ. Энэ шийдвэрийг хүлээн авахгүй. Тойргийг минь авах гэж байгаа юм байлгүй. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Оюутолгой компаниас хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг бид хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй байгаа. Энэ бол өдөр тутмын төрийн явагддаг ажиллагаа. Тиймээс энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарч үзнэ үү. Эсвэл нэг мөр нам, гишүүнээс нь хөөчих хэрэгтэй" гэв.