ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Раднаасэд: Говь-Алтай аймгийг надаас салгах гэсэн санаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

МАН-ын Хяналтын хороо ѳчигдѳр хуралдаж, Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг 2020 оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрт ямар байр суурьтай байгааг Ш.Раднаасэдээс тодруулахад, тэрээр “Нэгдүгээрт би тийм бичиг цаас аваагүй. Хоёрдугаарт тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг Ш.Раднаасэдээс салгах гэсэн санаа. Энэ асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос асуух хэрэгтэй байх. Гуравдугаарт Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна.

Энэ нам одоо төрийн ажилд ордог, УИХ-ын гишүүн санал гаргасныхаа төлөө намын Хяналтын хорооноос хариуцлага хүлээж болдог юм уу. Тойрог булааж авах гэж байгаа бол авч болно. Ш.Раднаасэдээс Говь-Алтай аймгийн салгаж авах гэж байгаа бол авч болно. Гэхдээ ингэж байгууллага руу, институци рүү халдаж байгаа нь буруу" гэв.