ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сүрьеэгийн үзлэг, шинжилгээний зардлыг шийдвэрлэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-17

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар сүрьеэгийн үзлэг шинжилгээ хийхэд шаардлагатай зардлыг шидвэрлэхээр болжээ. Ерөнхий боловсролын сургуулиудад хийж байгаа сүрьеэгийн үзлэг, шинжилгээний талаар сайд Д.Сарангэрэл танилцуулан юм. Цаашид үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгожээ. Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байна.

Цаашид сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа сургуулийн агааржуулалтад анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт чанартай, бүрэн хамруулж хяналт тавих нь зүйтэй гэж үзсэн байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

-  “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татахаар болов.

-  “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.  Байнгын хороод дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгоно.

-  “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дхь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Санхүүжилтийн гэрээний төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгох юм.

-  “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Байнгын хороо дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Нямдоржид олгоно. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. БНСВУ-д Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг байна. Монгол Улс 17 улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулжээ.