ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Улаан: Дулааны аргаар мах бэлтгэх компаниудад квот тогтоож өгнө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа билээ. Энэ удаагийн хуралдаанаар махны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн ажээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, Үнийн түвшинг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэлээд дэлгэрэнгүй авч хэлэлцсэн. Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт зах зээлд махны үнэ огцом өсөж, ард иргэдийг бухимдууллаа.  Махны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг бид нарийвчлан шалгаж, дүгнэлт хийж ажиллаж байна.  Улмаар Засгийн газраас зохицуулалт хийхээр тодорхой шийдлүүдийг гаргалаа.

Энэ жил, ялангуяа шинэ мах гартал махны үнийг тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч байна. Засгийн газар нөөцөлсөн махаа дөрөвдүгээр сарын 15-наас зах зээлд нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нөөцөлсөн махны 49 орчим хувийг зах зээлд нийлүүлээд байна. Нөөцийн махны үнэ зах зээлд байгаа махнаас 15-40 гаруй хувиар хямдхан байгаа. 127 худалдааны цэгээр нөөцийн махыг борлуулж байгаа. Амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Зах зээлд орж ирж байгаа махны нийлүүлэлт нөлөөлж байсан хэд хэдэн хүчин зүйлийг бид судалж, тогтоосон.

Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ “Хүчит шонхор” захаас бэлтгэдэг. Нийслэлийн ард иргэдийн хэрэгцээнд зориулж оруулж ирж байгаа махыг бөөндөж, үйлдвэрийн хэрэгцээнд авч байсан нь үнэд нөлөөлж байсныг тогтоолоо. Тиймээс үүнийг цаашид таслан зогсооно. Ялангуяа дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах талаар Хятадын Засгийн газартай хийсэн протоколд эрүүл ахуйн өндөр шаардлага тавьсан байдаг. Энэ өндөр шаардлагыг хангахын тулд мах боловсруулах үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэрээс түүхий эдээ авч байх үүрэгтэй.

Энэ журам хангалтгүй хэрэгжиж байснаас болж зах зээлээс буюу хэрэглэгчид хүрэх ёстой махыг бөөндөж авч, түүхий эдээ бэлддэг. Эсвэл зах зээл рүү орох замаас нь амдаж, малыг амьдаар нь авч, баталгаагүй газар нядалж, үйлдвэртээ хэрэглэж байсан нь тогтоогдсон. Ийм асуудал байж болохгүй. Таслан зогсооно. Сүүлийн үед Хятадын талаас бэлтгэж өгч байгаа мах, махан бүтээгдэхүүн чинь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн санал, гомдол их ирэх болсон. Энэ нь баталгаагүй түүхий эд бэлтгэж байсантай холбоотой гэж үзэж байна. Ер нь бид дулааны аргаар мах бэлтгэхэд квот тогтооно. Тухайн жилийн малын өсөлт, махны хүрэлцээтэй уялдуулж, хэдий хэмжээний махыг дулааны аргаар боловсруулж гаргаж байхыг жил бүр тогтооно. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан журамд өөрчлөлт оруулна.

Мөн хонь, ямааны махыг гаргахад ямар ч хяналт байгаагүй. Тиймээс бид тодорхой журам гаргаж, жил жилд нь квот тогтоож, эрүүл ахуйн шаардлага тавьж байхаар болсон.  Квот тогтоож байгаагийн учир нь дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах. Мөн экспортод мах гаргах компаниудад ч гэсэн дотоодын зах зээлд мах нийлүүлсэн байх шаардлагыг ч тавьж, журам гаргаж өгнө. Мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, хил гаалын хяналтыг ч сайжруулна. Цаашлаад улсын нөөцөд бэлтгэх махыг нэмэгдүүлнэ. Ирэх онд дор хаяж 15 мянган тонн мах нөөцлөх ажлыг зохион байгуулна. 2018 онд 4000 тонн мах бэлтгэсэн нь энэ оны махны үнийг өсөлтийг хязгаарлахад нөлөөлж чадсангүй” хэмээлээ.