ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуралдсан тоогоор хурдтай хөгждөгсөн бол...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-22

-Зөвхөн Төрийн ордонд гэхэд л он гарснаас хойш 19 удаа хурал, зөвлөгөөн болжээ-


“Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэдэг үг бий. Монгол Улс яг л энэ зарчмаар явж байна. Өдөр болгон шахуу элдвийн зөвлөгөөн, сургалт, семинар, форум, чуулган болно. Тэндээсээ том, том уриа лоозон, санал дүгнэлт гаргадаг ч үр дүнтэй болсон нь цөөхөн. Харин Монгол Улсын хөгжил дэвшил урагшлах гэхээс илүү улам л уруудаж, иргэд нь ч соён гэгээрч чадахгүй байна. Зочид буудлын өрөө, Төрийн ордон, яам тамгын газрын албан тасалгаанд өдөр өнжихгүй болж байгаа энэхүү хурал чуулганд сууж буй албан хаагчдынх нь ч харилцаа, ухамсар, хандлага, тэр ч байтугай мэдлэг ч ахихгүй байгааг нуугаад яахав. Мэдээж салбарынхаа алдаа оноог хэлэлцэж, гарц шийдэл эрж байгаа нь зөв ч гэлээ энэ бүхэн хэмжээ хязгаараас давчихаад байгаа юм. Тухайлбал, Төрийн ордны их танхимд өдөр өнжихгүй л салбар бүрийн зөвлөгөөн, уулзалт, хурал болдог. Гэлээ гэхдээ үр дүн нь гарч байгаа нь харагдахгүй юм.

Хүүхэд хүчирхийллийн асуудлаар сардаа тав, бүр нэг өдөр нэг зэрэг хоёр талд хуралдаж байгаа ч хүчирхийлэл буурсангүй, хүүхэд хамгаалал бахь байдгаараа л байна. Нэг яамны жилийн төсвийн бараг л 20-30 хувь нь зөвхөн энэ мэт хурал, чуулган сургалт хийхэд зарцуулагдаж байгааг бид шинэ оны дараахан хүргэж байсныг уншигч та санаж буй биз. Түүнчлэн, өнгөрөгч даваа гарагийн дугаартаа “Монголоор дүүрэн модератор, панелистууд” гэх нийтлэл бичсэн. Ажил хийхгүй атлаа хуралдаж чуулдаг, тэндээс нь үр дүн гардаггүй, хуралдахаас өөр шийдгүй тайзны эрдэмтэн, судлаач манай улсад ихэсч буйг тэрхүү нийтлэлээр хүргэхийг зорьсон юм. Тэгвэл энэ удаа 2019 он гарснаас хойш зөвхөн Төрийн ордны Их танхимд болсон хурал, чуулганы тухай мэдээллийг танд хүргэе. Элдвийн дүгнэлт хийхийг ч хүссэнгүй. Уншигч та харин дүгнэлт хийж, бодоод үзээрэй. Бид сардаа таван удаа хуралдаж байгаа шигээ хөгжиж чадаж байна уу гэдгийг та дүгнэ. Салбар бүрээрээ чуулж, уриалж, лоозон гаргаад байгаа атлаа төрийн ажил ахицтай байгаа эсэхэд дүгнэлт хийх эрхийг танд үлдээе. Монгол Улс хуралдаж, чуулсан, уулзаж зөвлөлдсөн тоогоороо хөгждөгсөн бол... 

 

Төрийн ордны Их танхим 

• “Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган болов. /2019.05.21/ 

• “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”. Нийт 800 гаруй төлөөлөгч оролцсон. /2019.05.21/ 

• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн болов. /2019.05.17/

• Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн Гэр бүлийн өдөрт зориулсан “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт уулзалт /2019.05.15/ 

• Олон улсын гэр бүлийн өдрийг угтан “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөн /2019.05.14/

• “Нярайн скрининг үндэсний анхдугаар конгресс” болсон юм. Нийт 400 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. /2019.05.12/

• “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал сэдэвт хэлэлцүүлэг. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан. /2019.05.06/ 

• “Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвлөгөөн” /2018.04.30/ 

• Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулган болов. /2019.04.22/ 

• “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Ерөнхий сайдын ивээл дор болсон. /2019.04.26/ 

• Монголын багш нарын долдугаар их хурал Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдав. /2019.04.12/ 

• “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар Их хурал. /2019.04.04/ 

• Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг /2019.03.29/ 

• “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” болов. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцсон. /2019.03.25/ 

• Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн болжээ. /2019.03.16/

• Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган болсон. /2019.03.08/ 

• Ерөнхий сайдын ивээл дор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган болов. /2019. 03.07/

• Эмэгтэй гишүүд санаачилсан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр. /2019.03.06/

• Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга  болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцсон. /2019.02.21/