ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Цэрэнбат: Би “Найрамдал” зуслангийн газраас аваагүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-22

“Найрамдал” зуслангийн газрыг албан тушаалтнууд хувааж аваад, 5220 га-гаас ердөө 1200 нь үлдсэн талаар мэдээлэл гарсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэт хууль бус шийдвэрийг эргэж харахыг ч даалгасан юм. Энэ мэдээллийн дараа “Найрамдал” зуслангийн газраас “хумсалсан” хүмүүсийн нэр ил болсон талаар зарим сайтууд мэдээлж эхэлсэн юм. 

Тэр дунд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын нэр байсан. Тэгвэл Н.Цэрэнбат сайд энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр “Би “Найрамдал” зусланд ямар нэг газар эзэмшдэггүй. Багадаа нэг удаа энэ зусланд амарсан. Манай хүүхдүүд заримдаа амардаг. Хуулиараа бол БОАЖЯ тэр газрыг хариуцдаггүй юм. Өчигдөр гарсан зарим мэдээллийг би харсан. “Найрамдал” зусланд газар эзэмшдэг хүмүүс гэсэн мэдээлэл гарсан. Эхний гурван хуудсанд нь миний нэр байхгүй байсан. 

Сүүлд гарч ирсэн нэг хуудсан дээр нь миний нэр гарч ирсэн. Ямар эх сурвалжаас, яаж олсон мэдээлэл юм. Хүн хардах эрхтэй. Гэхдээ гүтгэх эрхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид тэр нэрсийг хэн гаргаж тавьсан, эх сурвалж нь хэн бэ гэдгийг тогтоодог болохгүй бол бодсоноо биччихээд, шуугиад байж болохгүй.  Албан ёсоор надад авсан газар байхгүй. Би хөрөнгө орлогын мэдүүлгээ байнга өгч байгаа.  Бид Увсаас шилжиж ирээд л амьдарч байгаа хүмүүс.  Тэр газрыг Улаанбаатар хотод амьдарч байсан хүмүүс л авсан байлгүй дээ” хэмээлээ.