ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Гишүүд хариуцлагагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-23

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг гөлөрчхөөд, явахгүй байна даа. Иргэд, олон нийт ч хэлж байна. Нийгэмд их хүлээлт байна. Нэг л том тэсрэлт  гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэхгүй байна. УИХ бүр гөлчийлөө гэж иргэд хэлж байна. Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. Архидалтаа болиоч ээ гэж хэлж байна. Архидалтаас чинь болж хүний аминд хүрээд байна гэж хэллээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна. Зүгээр орж ирсэн иргэдийг хүртэл архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа бид ярих ёстой. Яаж УИХ-ын гишүүд нь сахилга батаа сайжруулах вэ гэдгээ ярих хэрэгтэй. М.Энхболд гэдэг хүнийг бид боорлосоор байгаад огцруулсан. Одоо УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Манан-г зайлуулчихвал Монгол сайхан болно гээд МАНАН бүлэглэлийн зарим дарга нарыг зайлуулсан нь үнэн. Сайжраад байгаа зүйл харагдахгүй байна. Одоо шүүхээ өөрчлөхгүй юм уу. Дутуу алсан могой шиг дутуу хаяж болдог юм уу. Хуулийн байгууллагыг шинэчлэх эрхийг нь төрийн гурван өндөрлөгт өгсөн. Хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй юм бол ард түмэндээ үнэнээ хэл. Өнөөдөр ард түмний ихийг хүлээж байгаа шүү. УИХ өдөр өнжүүлэх биш.  УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ыг удирдсан шиг удирдаж томоон ажлуудаа хиймээр байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Чуулганы үдээс хойших хуралдаан дээр Ерөнхий сайдыг байлгамаар байна. Ерөнхий сайд хаана явж байна вэ. Хэнтий, Ховд явлаа гэдгээс хойш сураг алдарлаа. Хотод УИХ-ын дарга нь Ерөнхий  сайд мэт Туул гол, төрийн байгууллагуудаар явж харагдах юм. Ерөнхий  сайд юу хийж байгааг гаргамаар байна. Мөн Дэгийн тухай хууль хэлэлцэхийг хойшлуулмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

УИХ-аас 2015 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталж 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдсөн.

2017 онд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат бидний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулга тавьсан. Уг асуулгын хариу 2018 оны эхээр ирсэн. Өнөөдөр хэлэлцэхээр тоонууд нь хуучирсан байна. Тиймээс шинэчилж дараагийн удаад хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа учир хойшлуулах санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Шүүх эрх мэдэл УИХ-аас хамаарахгүй. Ж.Батзандан гишүүний асуулт оновчгүй байна. УИХ хэрхэн ажилласнаас нийгмийн сэтгэл зүй хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентын үйл ажиллагаа шууд хамаана. Үг хэлэх гэж байгаа гишүүд хариуцлагатай бай. Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гишүүний гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгыг хариуг хойшлуулъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдсэнгүй хэвээр үлдээв.

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж байгаа учир чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.