ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын шилдэг аймгаар Дорноговь шалгарлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-23

Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр тодруулдаг. Засгийн газрын тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодрууллаа. Үүнд Дархан-Уул, Дорноговь, Увс, Өмнөговь аймаг, Орхон аймгууд дараалж, 2018 оны ажлаараа 21 аймгаас улсдаа тэргүүлж, Монгол Улсын шилдэг аймаг боллоо.Дорноговь аймгийн хувьд 2018 онд хүн ам 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараа ахиулан 21 аймгаас дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, эдийн засаг 9,1 хувьд хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбумд хүрч өмнөх оныхоос 23 хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, 2600 гаруй иргэний байнгын болон түр ажлын байрыг бий болгосон байна.

 Мөн тус аймгаас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил”  болгон зарлаж, иргэд, гэр бүл өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг бүрдүүлж, иргэдийнхээ оюунд томоохон хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн 2017 оноос Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, шинээр томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Өмнөх онуудад эхлүүлсэн хөгжлийн буухиаг үргэлжлүүлж, Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга байгууламж, Иххэт сум нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дээвэр, гадна фасад, дулаалга, зоорийн болон гадна инженерийн шугам сүлжээний засвар, ахмадын өргөөний барилга, Алтанширээ, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумдад хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, Сайншанд суманд 1000 хүний суудалтай соёл, спорт цогцолбор, Замын-Үүд суманд 100 хүний ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл Соёл, спорт төв зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр, бүтээн байгуулалтуудын ажлуудаа эхлүүлсэн байна. Мөн Зүүнбаян-Ханги, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, нар, салхины цахилгаан станцууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, Бүс нутгийн ложестик төв, Замын-үүдийн боомтыг ес дахин өргөтгөх төсөл, Сайншанд сумын Цэвэрлэх байгууламж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс зэрэг Дорноговь аймгийн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх дотоод, гадаадын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна.