ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-26

Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд төлөөлөгчдийн хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн цохон тэмдэглэжээ.

Мөн ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархаад, бүсийн хоёрдугаар чуулганыг УИХ-тай хамтран зохион байгуулж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй өндөр хувь нэмэр гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн ОУПХ-ны тэргүүлэх зорилгуудын нэг нь УИХ-д иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ингэснээр иргэдэд ашигтай хууль батлах, энэ замаар ардчиллыг бэхжүүлэхэд чиглэдэг зэргээр ОУПХ-ны үйл ажиллагааг танилцуулж, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр гэдгийг цохон тэмдэглэлээ.