ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-27

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ барих гэж буйтай нь холбогдуулан Бүгд Найрамдах Португал Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ж.А.Дуарте, Испанийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Р.Д.Масарредо, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Б.Регаццони, Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Д.Михелин нарыг 5 дугаар сарын 27-ны өдөр ГХЯ-нд тус тус хүлээн авч уулзан ИЖБ-гийн хувийг нь гардан авав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад шинээр томилогдож буй Элчин сайд нарт баяр хүргэж, эдгээр улстай тогтоосон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ улс тус бүртэй харилцан сонирхсон салбар, чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө ажиллах эрмэлзлэлтэй байгааг онцолж, санал солилцов.

Энэ өдөр Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-гээ барих бөгөөд 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатарт болох Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын 11 удаагийн уулзалтад оролцох юм.