ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Амарзаяа: Гашуунсухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-30

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан  Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оржээ.

Хууль анх батлагдаж байсан 1999 онд улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсөж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32.100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.

Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд:

– ачаа, зорчигч тээвэрлэлт, зорчигчийн болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, нийтийн зорчигч тээврийн төлбөрийн цахим систем, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд;

 авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалт;

– авто тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, улсын бүртгэлд бүртгүүлэх, хасуулах, бүртгэлийн дугаарын тэмдгийн үйлдвэрлэл, үйлчилгээ;

– салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;

– мэдээллийн нэгдсэн сан, салбарын удирдлага, зохицуулалт, авто тээврийн харилцаанд оролцогч талууд, төрийн байгууллагуудын эрх, үүрэг;

– авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

– авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;

– авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт зэрэг олон чухал харилцааг шинэчлэн тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-21 аймгаа хатуужилтай замаар холбоно гээд маш их хөрөнгөөр зам тавьдаг. Гэтэл нөгөө талдаа тээвэрлэлтээ зохицуулж чадахгүйгээс болоод барьсан замаар нь даац хэтэрсэн ачаатай том машинууд яваад замаа эвдэлчихдэг. Энэ бодлогыг уг хуулиараа яаж зохицуулах юм бэ. Хоёрдугаарт  төрийн албан хаагчдын тоог цөөлнө гээд агентлагуудыг улсын үйлдвэрийн газар болгосон. Улсын үйлдвэрийн газар болгосноор орлого хөөдөг болж хувирсан. Ингэснээр давхар давхар тусгай зөвшөөрлийг богино хугацаатай  олон дахин олгодог болгосон. Тэр зөвшөөрлийг нь авах гэж тээвэрчид зовж байдаг.Нэг удаагийн зөвшөөрөл олгодог заалт хуульд байхгүй. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх юм. Үнэмлэхээ авчихсан жолооч нарыг дахин мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байж ачааны том машин жолоодно гээд энэ нь бөөн хүнд  суртал гаргаж шан харамж авч байгаад олгодог. Олгохдоо нэг удаагийн хүчинтэй дахин авах гэж бөөн чирэгдэл болдог. Ийм асуудал авто тээврийн салбарт өнөөдөр байсаар байна. Уг асуудлыг шинэ хуулиар хэрхэн зохицуулах юм бэ.

Ажлын хэсэг:
Тээврийн дэд салбаруудын уялдаа холбоог сайжруулах асуудал бий. Үүнийг шинэ хуулиар Авто тээврийн үйл ажиллагаа нь нэгдмэл, тээврийн бусад үйл ажиллагаатай нэгдсэн байх гэсэн үндсэн зарчмаар явагдана. авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалтыг тусгасан. Ачааны даац хэтрүүлж байгаа асуудалд зохицуулах боломжгүй асуудал үүсээд байсан.

Олон улсын конвенцийн дагуу нийтийн зориулалттай зам дээр явахад зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн нийт жин нь Венийн конвенцэд заасан хэмжээгээр зөвшөөрөгддөг. Гэтэл уул уурхайн тээвэрлэлттэй холбоотойгоор   шинэ нөхцөл байдал үүссэн. Үүнийг зохицуулах боломжгүй байсныг өнгөрсөн жил шинэчлэгдсэн Авто тээврийн тухай хуулиар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын зам гэж шинээр нэмэгдсэн. Тусгай зориулалтын замаар явах тээврийн зохицуулалтыг Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгахаар заасан.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Автозамын хууль сул, авто зам нь чанаргүйгээр үүдэж Монгол Улсад жилдээ 400-500 хүн автын ослоор амь насаа алдах, бэртэж гэмтдэг гэсэн судалгаа байна.  2-3 бойнг онгоц сүүрсэнтэй адил хэмжээний тоо юм. Манай улс актлагдсан авто машины оршуулгын газар боллоо. Акт нь дууссан, өндөр насжилттай  машинуудыг гаднаас оруулж ирж байгаа. Энэ нь автын осол нэмэгдэхэд нөлөөлж байна.

Ажлын хэсэг:
-Олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг зургаагаас дээш жилийн насжилттай авто тээврийн импортыг хязгаарлана гэсэн зохицуулалт дэмжигдээгүй. Дэлхийн улс орнуудад долоогоос дээш жилийн насжилттай авто тээврийг өндөр насжилттай гэж үздэг. Манай улсын нийт авто тээврийн 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш жил ашигласан өндөр насжилттай автомашин хөдөлгөөнд оролцдог. Цаашид өндөр насжилттай авто тээврийг татвараар нь зохицуулна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
-Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуунсухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээ хүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
 

-Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуун сухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа.