ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэнгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-08

Прокуророос УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан бөгөөд өнөөдөр хуулийн хугацаа нь дууссан юм. 

Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр дурьдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууцаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эхлээд УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлыг хэлэлцсэн бөгөөд нууц санал хураалтад 57 гишүүн оролцсоны 33 нь буюу 57.9 хувь нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. 

Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Д. Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж дууслаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор гишүүд нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжээгүй байна. Тодруулбал, нууц санал хураалтад ний 57 гишүүн оролцож түүнээс дэмжинэ гэж 28 буюу 49,1 хувь нь санал өгсөн бол 29 буюу 20,9 хувь нь дэмжээгүй санал өгсөн байна.

Ийнхүү УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн “УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх” саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Тус шийдвэр гарснаар  УИХ-ын өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.