ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Иргэдийн эрх ашгийг зөрчсөн "Юнивишн", "Мобиком", "BSB" компаниудыг торгожээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-03

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Тухайлбал, тус газраас “Мобиком корпораци”, “Юнивишн”,  “БСБ электроникс” “Нарантуул-2” худалдааны төв болон бусад байгууллагад  шалгалт хийжээ. Энэ асуудлыг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодрууллаа. 

-ШӨХТГ-аас хэчнээн байгуул­лагад, ямар хяналт шалгалт хийсэн бэ?
-ШӨХТГ-аас 2019 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын ажлууд­аасаа танилцууллаа. Энэ хугацаанд 11 хяналтын шалгалтын ажил хийгдсэн бөгөөд  нийт 56 аж ахуйн нэгжийг хамрууллаа. Манай газрын хуулиар хариуцсан нэг чиг  үүрэг нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал байдаг учраас энэ чиглэлээр шалгалт хийлээ. Мөн иргэдээс ирсэн гомдлын хүрээнд хяналт шалгалт хийлээ. Энэ хүрээнд бараа бүтээгдэхүүний хэл­ний асуудал, аж ахуй нэгж  байгууллагын хаяг, зар сурталчилгаанд хяналт шал­галт хийсэн.

-Тухайлбал, ямар байгуул­лагаас энэ төрлийн зөрчил илэрсэн бэ?   
-Иргэнээс ирсэн  “БСБ электроникс” компаниас телевизор худалдан авсан нь баталгаат хугацаандаа эвдэрсэн тухай гомдол мэдээл­лийг Нийслэлийн прокурорын газарт бүртгүүлсэн. Улмаар тус компанид зөрчил,  шалган шийдвэрлэх ажиллагаа явуул­ахад, Монгол хэлний тухай хуулиар тогтоож хориглосон зохицуулалтыг зөрчсөн байлаа. Тодруулбал, хэрэглэгчдэд хүргэж буй гарын авлага, анхааруулга, санамжийг гадаад хэл дээр өгсөн. Тиймээс Зөрчлийн тухай хуулиар, тухайн байгууллага үйлчлүүлэгч, хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангах, зөрчлийг арилгах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.  Мөн  Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөнгөн торгууль ногдуулахаар боллоо.

-“Ай Пи Тв”-ээр үйлчлүүлэгчид багагүй гомдол ирүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-“Юнивишн” ХХК нь сингл буюу дан “Ай Пи Тв” үйлчилгээний талаар мэдэгдэлгүй үнэ тарифаа нэмсэн, авахыг хүсээгүй нэмэлт үйлчилгээг хүчээр өгч, нэмэлт төлбөр  авсан гэж иргэд гомдол мэдүүлсэн. Уг зөрчлийг шалгаж таван сая төгрөгийн торгууль ногдуулж,  иргэдийг хохироож буй зөрчлийг таслан зогсоолоо. 

-Мобикомтой холбоотой асуу­дал ямар шатанд явж байгаа вэ? 
-Агентлагийн даргын 2019 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн удирдамж­аар “Мобиком корпораци” ХХК-ийн үйл ажиллагааг прокурорын хяналтад шалгасан юм.  Хяналт шалгалтаар, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар байгуулсан олон мянган хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Тиймээс зөрчил шалган, шийдвэрлэх, ажиллагааг дуусгаж, “Мобиком корпо­раци” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн гуравдахь хэсэгт зааснаар 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. 

-ШӨХТГ-аас цаашид хэрэг­лэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийх вэ? 
-Олон улсын хэрэглэгчийн байгууллагуудын дунд Улаан­баатарын уулзалт арга хэмжээг энэ сарын 6-7-нд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Кувейт улсын хэрэглэгчийн байгууллагын дарга, удирдах албан тушаалт­нууд оролцж сайн турш­лагаа харилцан солилцохоор болсон.