ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баделхан: Өмнөх түрээсийн журам “Буянт-Ухаа-II”-т үйлчлэхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-04

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны талаар шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан олон нийтэд танилцууллаа. Тэрбээр, “Өмнөх Засгийн газрын үед эхэлж байгаад хөрөнгийн гачигдлын улмаас зогссон 1547 айлын орон сууц байсан. 

Улаанбаатар хотод 972 айлын орон сууц, мөн Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт орон сууц дуусаагүй байсныг өнгөрсөн онд Засгийн газар хэлэлцэж, Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн. Барилгууд ашиглалтад орж байна. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-II” орон сууцны барилга дууслаа. Энэ барилгуудыг анхнаас нь төрөөс газрыг нь олгож, дэд бүтцийг нь шийдсэн. 

Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас тухайн аймаг, орон нутагт нь шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртгөө төлөхөөр, түрээсийн орон сууцанд шилжүүлэх тушаал гарлаа. Гадна талын дулааны асуудлыг бүрэн шийдсэн. Удахгүй Улсын комисс хүлээж авна. Метр квадратын үнийг 1 сая 464 мянгаар үнэлсэн. Өмнөх Түрээсийн журам үйлчлэхгүй. НОСК шинээр журам гаргаж, түрээслүүлэх ажлыг эхлүүлнэ” гэв. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод баригдаж буй 972 айлын орон сууцыг гэхэд л Улаанбаатар хотын захиргаа буюу Нийслэлийн орон сууц корпораци хариуцаж, түрээслүүлэх аж. Журмаа ч мөн тус газраас боловсруулна гэлээ. Иргэдэд хэд хэдэн боломжтой хувилбараар олгох санал ч Засгийн газрын зүгээс гарчээ. Тухайлбал, 

-Орон сууц хүссэн иргэдэд түрээсээр олгоно 
-Шууд худалдан авах иргэд урьдчилгаа төлөөд, орон сууцны зээлд хамрагдаж болно 
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд тус, тус түрээслэхээр тусгажээ. Нийтдээ таван жил түрээслээд, цаашлаад өмчлөх юм байна. Харин дээрх нэр дурьдсан аймгуудад байгаа орон сууцыг мөн л аймгийн ЗДТГ хариуцан, түрээслүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Үүнээс гадна БНСУ-ын санхүүжилтээр “Солонго-1, 2” орон сууц баригдах бол Чингэлтэй дүүрэгт байрлах Ногоон нуурын орчим мөн л БНХАУ-ын санхүүжилтээр түрээсийн орон сууц баригдахаар төлөвлөгөө гарч, ажил ч эхлэхэд бэлэн болжээ.