ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Үндсэн хуулийг хэлэлцэх үед гишүүд найман минут асуулт асууна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-05

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүдийн зүгээс Оюутолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга хүлээн зөвшөөрсөнгүй. Хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Я.Содбаатар нарын гишүүд боловсруулан оруулж иржээ. Уг хуулиар, УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэж эхлэхээр бэлтгэж буй Үндсэн хуулийг хэлэлцэх үед гишүүд ямар дэгээр асуулт асууж, хариулт авах, мөн нэмэлт цагийг яаж ашиглах вэ гэдгийг тусгаж өгчээ. Тодруулбал, нэг гишүүн найман минут үг хэлж, нэмэлт хоёр минут авах аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэц дээр зөвлөлдөх санал асуулгатай холбоотой гомдол гаргасан байна лээ. Бүр хэрэг маргаан үүсгэсэн байна лээ. 1521 хүнийг 21 аймгаас түүврийн аргаар авчирч ярьчихаад, төсөл гарлаа гэж өргөн барих гэж байгаа юм билээ. Дэгийн хуульд өөрчлөлт оруулаад хэлэлцэе гээд явж байна. Гэтэл Үндсэн хууль хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэвэл яах вэ. Зөвлөлдөх санал асуулга явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэвэл яах вэ. Босоо Ганбаа гээд л ад үзээд байсан. Одоо энэ хуулиасаа босч үг хэлэх заалтаа авсан уу. МАН-ынхан бөх олонтой. Тэд чинь дараад хэвтчихвэл би энэтэр яах вэ. Цөөнхөд бол хэцүү байна. Ганц лайв хийх гэж та нарын олныг барахгүй юм билээ. Энд нэг нь кноп дарж байхад, тэнд өөр нэг нь кноп дараад л хэцүү юм билээ. Ганц микрофоноо булаалдаж барьцалдаж авах юм байна л даа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуульд "Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална" гэдэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процессыг бид явуулж байна. 2008-2012 оны парламентын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг баталсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 10 гаруй жил ярилаа. Зөвлөлдөх санал асуулга явуулсан. 2016 оны парламентын үед 40 гаруй гишүүн өргөн барьсан. Тэр хуультай бодлогын хувьд нийцээд явж байна. Дэгийн тухай хуульд тодорхой болох шаардлагатай зүйлийг оруулж ирж байгаа юм. Анхны болон нэг, хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийн үед яаж үг хэлэх, ямар дэгээр явах асуудлыг тодорхой болгох юм. Х.Нямбаатар нарын гишүүдийн санаачилсан хуульд тэр босч үг хэлэх асуултууд байгаа юм билээ. Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа хуульд орж ирээгүй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийн маргаан үүсчихсэн, Дунд суудлын хуралдаан зарлачихсан байгаа. Дэгийн хуулийг батлаад ч ашиггүй биз дээ?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бидний дагаж мөрдөх ёстой ганцхан хууль бол Үндсэн хууль. Дагаж мөрдөх журмын хуулиа бид ягштал мөрдөж байгаа. Зөвлөлдөх санал асуулга явуулсан нь буруу гэж иргэд Цэцэд хандаад, биднээс тайлбар авч байгаа. Зөвлөлдөх санал асуулга ч бай, үгүй ч бай ямар ч байсан энэ асуудал орж ирэхэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 2012 онд баталсан хуулиа бариад хэлэлцэх үед алдаа мадаг гаргахгүй байхын тулд оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. УИХ-ын чуулганы дэг сайжирч байгаа. Гишүүдийн асуулт асуух, үг хэлэх хугацааг нэмэгдүүлсэн юм байна. Юуг үндэслэж нэмэгдүүлсэн юм бэ. Өмнөх хуралдаануудад нэг гишүүн дунджаар тэдэн минут үг хэлж байсан гэдэг судалгаа байна уу? 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тодорхой байнгын хороо, чуулганы хуралдаанаар үг хэлэх үеийн нарийвчилсан дэгийг зохицуулсан. Үндсэн хуулийг хэлэлцэхтэй холбоотой асуултаа яаж өгөх, санал дүгнэлт хэрхэн хэлэх юм гэдгийг зохицуулсан юм. Ердийн хуулийг хэлэлцэх үед өмнөх дэгээрээ явна. Үндсэн хуулийг хэлэлцэх үед нэг гишүүн найман минут асуулт асууж, нэмэлт хоёр минут авна. Өөрөөр хэлбэл, ердийн хуулийг хэлэлцэх үеэс хоёр дахин нэмэгдүүлсэн. Үндсэн хуулийг маш нухацтай хэлэлцэх ёстой, асуудлыг ил тод хэлэлцэх ёстой гэж үзсэн юм билээ. 

...Улмаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэмжихгүй гэсэн бол С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын гишүүд дэмжиж үг хэлснээр санал хураалт явлаа. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 29 нь дэмжиж, анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.