ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Г.Баясгаланг дэвшүүлэн зайлуулж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-05

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Л.Оюун-Эрдэнэ: ҮХЦ гэдэг бүх хуульчид, шүүхийн дээд буудаг ёс зүйн ноён оргилын нэг. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд улс төрд холилдсон хүн орох ёсгүй. Мэргэжлийн том гаргалгаатай бэлтгэгдсэн боловсон хүчин юм байна гэдгийг хараад их баярласан. Цаашид цэцтэй холбоотой олон асуудалд шинэчлэл хийх ёстой. Цэцэд улс төрч биш мэргэжлийн хуульч л очих ёстой шүү. Цэцэд зөвхөн шат дараалан бэлтгэгдсэн хуульчид очих ёстой. Д.Эрдэнэбат дарга цэц болон нөхөн сонгуультай холбоотой зүйл ярилаа. Хүний нүд рүү харж байгаад улайхгүй худлаа хэлдэг хүмүүс хурдан зайлаасай. Яг үнэндээ Н.Алтанхуягийг хөөгөөд, н.Хүдэрбаатар нь нэр дэвших болчихоод хоорондоо аймгийн намын хороо нь булаацалдаад хүнд байдалд орсон шүү. Үүнийгээ бусад руу булзаах гэж улс төр хийж болохгүй. Д.Эрдэнэбат дарга шударга ёс гэж ярьж байгаа бол өөрөө УИХ-ын гишүүнээс татгалзаад тэр схемээ шалгуулчих. Тэхгүй энэ орж ирээд олон гоё юм яриад, хүний нүд рүү харж байгаад яаж худлаа ярьж чаддаг байна аа. Ийм хүмүүс дахиж улс төрд орж ирэхгүй байхыг сонгогчид анхаарах хэрэгтэй байх.

Б.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Сүүлийн үед мэргэжлийн өндөр чадвартай гэхээс илүү ашиг сонирхлын хүмүүсийг цэцэд оруулах болсон. Г.Баясгалан шиг мэргэшсэн, ёс зүйн шаардлагыг хангасан хүн цэцэд маш их хэрэгтэй. Түүнээс үлгэр жишээ авах ёстой.

О.Баасанхүү: Цэцэд маш хариуцлагатай, чадвартай хүн очиж байгаад баяртай байна. Үндсэн хуулийн цэц иргэний өргөдлөөр маргаан үүсгэдэггүй гэх би ойлгодог. Иргэний гаргасан өргөдөл нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлтэй байвал л маргаан үүсэх ёстой. Харамсалтай нь цэц томилсон хүнийхээ үгийг сонсдог болчихож. Г.Баясгалан дарга ийм зүйлд битгий оролцоосой гэж хэлмээр байна. Таныг хэрэг эрхлэх газраас явж байгаад зарим хүмүүс баярлаж байгаа юм билээ. Надад мэдээлэл байгаа. Нэг ёсондоо дэвшүүлэн зайлуулж байна гэсэн үг. Гэхдээ та бол хаана ч очсон ажлаа сайн хийдэг хүн учраас газардахгүй байх гэж бодож байна. Харин ЗГХЭГ-ын дараагийн хүнээ ЖДҮ-гүй, 60 тэрбумгүй хүн тавиарай.