ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Мөнх-Очир: Хар тамхины хэргээр баригдсан хоёр хүн хамгийн түрүүнд надтай холбогдсон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-09

Туркийн Истанбул хотноо дэд консулаар ажиллаж байсан Б.Баттүшиг өөрийн жолооч С.Эрдэнэбаярын хамт 70 кг геройн тээвэрлэж яваад баригдсан хэрэг олны анхаарлыг татаж байгаа билээ. Дэлхий дахины анхааралд орсон энэхүү хэрэгт холбогдсон этгээд нь Монголын нөлөө бүхий хуульчийн хүү байсан нь олонд ил болсон.

Тэгвэл эдгээр хүмүүсийг хариуцаж байсан, тус улсад суух Ерөнхий консулаар ажиллаж байгаад дөрөвдүгээр сард ажлаа өгөөд ирсэн Э.Мөнх-Очир сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. Учир нь жолооч С.Эрдэнэбаяр гэгч нь түүний найз байсан гэх мэдээлэл гарсан юм.

Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир энэ асуултад хариулт өгөхдөө “Б.Баттүшиг өмнө нь юу хийж байсныг би мэдэхгүй. Ирснээсээ хойш бол ажлаа сайн хийж байсан. Гадаад харилцааны салбарт тэрний, энэний жолооч гэдэг асуудал байхгүй. Томилогдсон дарга нарт л жолоочоор үйлчилдэг. Аж ахуй эрхэлсэн ажилтан гэж ирдэг. Тодорхой шаардлагатай үед машин барьдаг. Би машинаа өөрөө барьж байсан. Миний жолооч гэж байхгүй. Мэдээллийг би яг та нартай л адилхан авсан. Дилломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа бүх хүн л машиндаа номер дугаар авч ашигладаг.

Сүлжээ эсэхийг ч би мэдэхгүй. Та нар кино сайн үзэж байгаа биз. Ар гэрийнхэн нь хэцүү шүү дээ. Сэтгүүлч хүнд ч ёсзүй гэж байх ёстой юм. Энэ бүхэн хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа. Тэр хүмүүс над руу хамгийн эхэнд холбогдсон нь үнэн. Гэхдээ тэр бол та нарт хамаагүй. Гэмт хэрэгт холбогдлоо гэхэд нь Германд байгаа Д.Ганбат элчин сайд руу ярьсан. Төлөөлөгчийн газрын хоёр хүн холбогдлоо, та анхаарлаа хандуулна уу гэж ярьсан. Дөрөвдүгээр сарын 03 хүртэл намайг ажлаа хийх хугацаанд тэр хүмүүс ажил үүргээ гүйцэтгээд л явж байсан. Дипломат ажилтнууд төвөөс ирсэн даалгаврын дагуу л улс орнуудаар явдаг. Төвөөс ирсэн даалгаврын дагуу ажлаа хийдэг” гэлээ.