ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түүгээр явсан гайг үүгээр чирч ирүүзэй, МАН-ынхаан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

Ардчилсан намын улс төр хавраар бус зунаар ширүүслээ. Сөрөг хүчний зүгээс салбар яамдын гадна талбайд сэдэв бүрийг онилж, жагсаал зохион байгуулж эхлэх нь тэр. Эрүүл мэндийн салбар 2018 онд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ЕБС-иудаар хийсний үр дүнд хэд, хэдэн сургуульд сүрьеэ өвчний дэгдэлт гарсныг илрүүлсэн байдаг. Харин үүнийх нь төлөө Д.Сарангэрэл сайд огцрох ёстой гэсэн улс төрийг АН-ын гишүүн, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа хийв. Тэрбээр, өнгөрөгч долоо хоногт намын­хаа хэдэн дэмжигчдийг цуг­луулан Эрүүл мэндийн яамны гадна үсээ хусч, улс төрийн “шоу” дэглэлээ. Түүнч­лэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Тост, Тосон­бумбын нуруунд дураар дургиж буй Б.Чойжил­сүрэн­гийн компанийн тусгай зөв­шөөрлийг цуцлаагүй гэх шалт­гаанаар огцруулах жаг­саалыг мөн л АН-ын гишүүд эх­лүүлж, яамных нь гадна өнгө­рөгч долоо хоногт жагсаал хийлээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэж, мөн л АН-ын гишүүд жагссан. 

Тэгвэл өчигдөр Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалыг яамны гадна талбайд хийсэн бөгөөд ажлаа өгөх хүртэл энэ жагсаалыг зогсоох боломжгүй гэж мэдэгджээ. Ардчилсан намын угшилтай иргэд энэ жагсаалд оролцсон аж. Харин сөрөг хүчний зүгээс томоохон лидерүүдтэйгээ хамт тавдугаар сарын 30-нд Төв талбайд хариуцлага нэхэх улс төрийн томоохон жагсаал хийж, үнийн өсөлтийг хязгаарлаж, шатахууны үнээ барьж дийлэхгүй алдсан Ерөнхий сайдаас хариуцлага нэхсэн. Энэ байдлаас үзвэл АН-ынхан зуны гурван сардаа ямар нэг байдлаар шалтаг, шалтгаан олоод 13 яамны гадна улс төрийн жагсаал хийх нь тодорхой болж байна. Монголын улс төр буцалж байдаг, улстөрчид нь алдаа гаргадаг нь жам учраас У.Хүрэлсүхийн танхимын сайд нараас алдаа олдож л таарна. Олдохгүй байсан ч олох ур чадвар тэдэнд бий. Тэр ч байтугай долоон гишүүнтэй Ардчилсан намын зөвлөл өнгөрөгч долоо хоногт Засгийн газрыг огцруулах шаардах бичиг гэгчийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн барив. Энэхүү шаардах бичигтээ мөнөөх л хариуцлага алдагдсан, хяналтгүй болсон, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан, мах магнаг болж, шатахууны үнэ өдрөөр өсөж байгаа талаар хөндсөн билээ. Тиймээс энэ мэт хариуцлагаа ухамсарлаж, Засгийн газар нэн даруй огцрох ёстой хэмээн шаардсан байх юм. Гэвч сөрөг хүчний шаардах бичиг УИХ-аар хэлэлцэх албан ёсны бичиг болохгүй.

Хамгийн багадаа л 19 гишүүн гарын үсэг зурж, түүнийгээ УИХ-ын даргад албан ёсоор өргөн барьсан тохиолдолд огцруулах асуудлыг хөндөх билээ. Тэгэхээр АН-ын долоон гишүүн өөрсдөөсөө гадна 12 хүнийг “урвуулж”, У.Хүрэлсүхийн эсрэг турхирахаас өөр аргагүй болоод байгаа юм. Огцруулах гарын үсэг зурах цуглуулах гэж оролдсон ч тэр нь бүтэлтэй болоогүй гэх. Дотооддоо үргэлж шахуу зодоонтой байгаа МАН-ын бүлгээс 12 гишүүн “урваж”, намын даргаа огцруулах гарын үсэг зурлаа гэхэд тэр нь лав урвасан гишүүдэд ашиггүй байгаа, энэ цагт. Сонгууль хаяанд ирчихсэн байхад намын даргынхаа өөдөөс сүх далайх нь эргээд өөрийнхөө хар толгойнд л лай хураахаас хэтрэхгүй билээ. Намын нэр хүндийг унагасан, хагалан бутаргасан гэх үндэслэлээр тойрог ч олдохгүй, тодорч гарч чадахгүй рейтингээ унагана. Үүнийг улс төр мэдэх, мэдэхгүй хүн бүхэн дор бүрнээ ухамсарласан учраас яг энэ цаг үед У.Хүрэлсүхийн танхимыг унагах ямар ч арга, боломж харагдахгүй байгаа юм. Тиймээс Ардчилсан намын ар, араасаа үргэлжлэх эдгээр жагсаал намынх нь рейтингийг өсгөх гэсэн оролдлого болон хувирч байгаа юм. Өмнө хэлсэнчлэн сонгууль хаяанд ирчихсэн энэ үед улс төрийн нам бүхэн хөдөлгөөнд ордог. Тэр дундаа сөрөг хүчний нам рейтингээ өсгөх улс төр хийхгүй, эрх баригчтайгаа адилхан “гүрдийгээд” суугаад байвал намын рейтинг, оноо авах улс төр юу болох билээ. Тиймдээ ч АН-ын энэ улс төрийг буруутгаж болохгүй юм.

Нөгөөтээгүүр, бүлгийнхээ хурлын үеэр намын даргатайгаа байсхийгээд л нударга зөрүүлж, маргалдах болсон Н.Номтойбаяр тэргүүтэй улстөрчид намын даргынхаа хандыг дарж авахын тулд огцруулах улс төрийг оройлон дэмжих магадлал өндөр байгаа. Эргээд улс төрд гол дүр болохын тулд М.Энхболд тэргүүтэн ч тоглолт хийхгүй гэх баталгаа алга. Эсвэл намын даргаа шантаажилж, тойрог авах гэсэн улстөрчид огцруулах бичигт гарын үсэг зурчих магадлал нэмэгдэж байна. Улс нэг тойрог болох, болохгүйгээс үл хамаарч 76 хүнд л тойрог олдоно. Тэр дундаа эрх баригч намын даргад энэ бүх эрх мэдэл байгаа энэ цагт гомдогсод гарч ирэх нь жам ёсны асуудал. Тийм учраас АН-ын эхлүүлсэн улс төрийг өөрт ашигтай эргүүлэх гэсэн гомдогсдын “арми” ч МАН дотроос мэндлэн гарах нь цаг хугацааны асуудал болоод байна. Алин байлаа ч яг энэ цаг үед У.Хүрэлсүхийг унагаад арай дөнгүүр сонголт нь юу байх вэ. Эрх баригч намын 64 улстөрчөөс сайд хийх амбийцтай, мэдлэгтэй нь хийгээд үзчихсэн. 

Гурван жилийн хугацаанд 30 гаруй гишүүнээ Ардын намынхан сайд болголоо. Ардчилсан намын долоо, “ШИНЭ” намын гурван улстөрчид сайдын суудал олдохгүйгээс хойш мөнөөх л 64, тэр дундаа сайдын суудалд очоогүй 30 хүн дотроос сонголт хийх болно. Эгчийгээ Чингэлтэй дүүрэгт “хаан”-аар тахих шахсан М.Оюунчимэг гишүүн сайд болох уу. Сонгогдсон тойргийнхоо гишүүдийг элдвээр доромжилж, загнаж суугаа гишүүн Н.Амарзаяа ямар салбараар тоглох юм. Н.Учрал, Т.Аюурсайхан тэргүүтэй залуу улстөрчдөд сайдын суудал арай л “хурцдах” байх аа. ЖДҮ луйварт оройлон оролцож, ард түмнийхээ боломжоос хулгайлсан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, А.Сүхбат нарыг сайд болгох хэрэг үү. Төрийн албаа 60 тэрбумаар наймаалцаж байсан М.Энхболдын фракцийнханд монголчууд итгэж, төрийн сайдынхаа суудлыг өгөх хэрэг үү. Ярьж байгаа сэдвээ ч ойлгохгүй байгаа шинэхэн улстөрчид яаж, ямар замаар сайд хийх юм бэ. Үүнийг бодолцож үзээгүй биш үзсэн гэж найдъя. МАН-ынхан хамгийн сайн сонголтоо Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийчихсэн. Дундаж сонголт нь У.Хүрэлсүхийн танхимд ороод ирчихсэн. Мэдээж алдаж байгаа зүйл бий. Онох нь ч бас олон байгаа. Энэ Засгийн газрыг унагалаа гэхэд хамгийн муу сонголт хийх болно. Тиймээс энэ танхим, энэ Засгийн газартайгаа л эцсийг нь үзье. Үүнээс илүү дордуулаад юу хийх вэ. У.Хүрэлсүхийн тухайд ч хэтэрхий сэтгэл хөдлөлд автаж, тооцоо судалгаагүй шийдвэр хааяа гаргаж байгаа ч яг энэ цагт хамгийн боломжит хувилбар болчихоод байгаа.

Энэ хүний зоримог шийдвэр илүү алсыг харсан, бодлоготой байгаасай, өнөө маргаашийн зовлонд баригдахгүй гаргасан байгаасай гэж олон хүн хүсч хүлээж буй. Ард түмний таалалд нийцэх шийдвэрүүд ч бишгүй олон гаргалаа. Амжилт нь алдаанд нь дарагдчихаад байгаа болохоос У.Хүрэлсүх хүлээлтэд нийцсэн Ерөнхий сайд байж чадсан. Улс төрийн зоригтой алхам, бүлэглэлд худалдагдсан олон ч орд газрыг чөлөөлж, ард түмэн өмчдөө эзэн байх тухай дуугарч эхэлсэн нь талархууштай. Мөн нууц байсан маш олон зөрчлийг ил болгож байгаа сайд нар ч энэ танхимд цөөнгүй байгаа учраас алдсан, оносон алин байлаа ч энэ сонголтоороо ирэх сонгууль хүргэхээс өөр аргагүй билээ. Монголын төр мөнгөөр бороо оруулдаггүй юм. Тэр дундаа хүн бүхнийг сайд болгох дамжаа ч хичээллүүлдэггүй. Сонгууль хаяанд ирчихсэн энэ үед засаг огцорлоо гээд ямар ч сайн үр дагавар авчрахгүй. У.Хүрэлсүх ажлаа өгчихвөл Долоон буудалд амьдарч буй Доржийн талхны үнэ 100 төгрөгөөр буурна гэдэг үлгэрт хэн ч итгэхгүй байна. Яг л М.Энхболд ажлаа өгчихвөл энэ парламент шударга ёсны төлөө ажиллана гэж үлгэр ярьж байсан шиг зүйл болох билээ. Тиймээс намаа ч бодсон, өөрийгөө ч бодсон Ардын намынхан минь хагарлаа тогоон дотроо хадгалаарай, гуйж байна. Монголын төр та бүхнээр хангалттай тоглуулсан. Хариуцлага ярих ёстой бол жилийн дараа түүнийг чинь ард түмэн өөрсдөө хийчихнэ. Улс төрийн хямрал, зөрчил рүү чирсэн улс төр битгий хийгээрэй. Тэгэх аваас булшны нүхээ өөрсдөө л малтсантай ялгаагүй болно гэдгийг МАН-ын 64 эрхбиш мэдэх байлгүй. Сөрөг хүчний тухайд хариуцлага нэхэх, огцруулах асуудлыг хөндөж байгаа нь хийх ёстой ажил, хэрэгжүүлэх үүрэгтэй улс төрийн акц учраас олныг нуршихгүй. МАН, АН адилхан л ийм үйлдэл гаргах байсан. Гагцхүү МАН-ынхан та бүхэн түүгээр явсан  гайг үүгээр чирч ирээд, намын зодооноо дахин төрийн зодоон болгуузай.