ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

В.Путин: АНУ болон Хойд Солонгосын хооронд болж буй яриа хэлцлийг өндрөөр үнэлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-10

1996 онд БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан улсын Төрийн тэргүүн нар “Хил орчмын нутагт цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх тухай”  гэрээнд гарын үсэг зурснаар “Шанхайн тав” бүлгэм үүсч байгуулагдаж, улмаар 1997, 1998, 1999, 2000 онуудад идэвхтэй уулзалт хийж, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх талаар яриа хэлцэл өрнөсний үр дүнд 2001 онд Ервоазийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын талаар ажиллах ШХАБ-ыг байгуулж буйгаа зарлаж байгаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд найман гишүүн, мөн тооны ажиглагч орнуудаар эгнээгээ тэлсэн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн уулзалт Шаньдүн мужийн Чиндао хотноо энэ өдрүүдэд болж байна.

Энэ удаагийн уулзалтаар 2019-2020 онд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах баримт бичиг, гишүүн орнуудын хамтын ажиллагаа тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн бүс нутагт терроризмын үр нөлөөг бууруулах, Афганистан улсын хөгжлийн төлөө бүс нутаг хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна. Үүнээс гадна сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүн орнууд хамтран Хөгжлийн банк байгуулж, гишүүн орнуудынхаа дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллах яриа, санал ч гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдээс гарч байлаа. Энэ удаагийн уулзалт нь “Шанхайн зургаа” бүлгэмийг “Шанхайн найм” болгож, Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс нэмэгдэж орсны дараа анх удаа болж буй гэдгээрээ онцлог юм. Уулзалт яг одоо өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилж, гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүд үг хэлж байна. Тэдний хэлсэн үгнээс тоймлон хүргэе.

Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев:  

-Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт ШХАБ-ыг цаашдын хөгжилд үр ашгаа өгнө гэдэгт итгэж байна. Улс төрийн яриа хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах нь тус байгууллагын тэргүүлэх зорилго юм. Энэ хүрээнд бид хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг шат шатанд хөгжүүлэх болно. Бидний байгуулж буй хамтын ажиллагааны төлөвлөгөө нь хэлэлцээрийг хэрэгжүүлэх зураг болох юм. ШХАБ бол хамтын ажиллагааны чухал ач холбогдолтой байгууллага болж байна.

Мөн банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Гишүүн орнуудын төв банкууд уулзалтын дараа хамтын ажиллагааны зураглалыг гаргах хэрэгтэй юм. Мөн туршлага солилцох, эдийн засгийг цахимжуулах талаар туршлага солилцох саналтай байна. Мега төслүүд чухал ач холбогдолтой. Хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ажлын байр ч нэмэгдэнэ. Сүүлийн үед Евроазийн эдийн засгийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болж эхэлсэн. Бидний зүгээс ногоон эдийн засгийн төвийг байгуулах гэж байна.

Энэхүү төв нь ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаанд ахиц авчирна гэж үзэж байгаа. Соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа ч хөгжиж байна. Ази болон Ойрхи дорнодод өрнөж буй асуудлыг эдийн засаг болон улс төрийн асуудлаар шийдэх ёстой юм. Мөн Сирид өрнөж буй үйл явдлыг манай улс анхааралтай ажиглаж байна. Солонгосын хойгт өрнөж буй цөмийн асуудлыг улс төрийн аргаар шийдэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Шанхайн үзэл санаа бол энэ байгууллагын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой юм. Үгийн төгсгөлд Киргизийн гишүүнчлэлд амжилт хүсье.

Ши Жиньпин:

-Энэтхэг болон Пакистан гэсэн хоёр улс гишүүнээр элссэний дараах хурал болж байна. 17 жил ШХАБ үйл ажиллагаа явуулахад Казахстан улс тасралтгүй дэмжлэг үзүүлсээр байна. Та бүхэнд баярлалаа.

Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков:  

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь бүс нутагт хамгийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага болж байна. Бид хамтын ажиллагааны хүрээнд хууль эрхзүй, санхүү, гишүүний үүргээ ч амжилттай биелүүлж ирлээ. Евроазийн бүс нутаг бол газарзүй, эдийн засгийн болоод бусад талаар анхаарал татаж байгаа. Афганистаны асуудалд бид анхаарах ёстой. Эдийн засаг, сэргээн босголт, дэд бүтцэд анхаарал хандуулах ёстой юм.

Төв Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах төсөлд Афганистаныг оруулах ёстой юм. Ойрын хэдэн жилүүдэд Ирак, Сири, Афганистаны нөхцөл байдал, шашны хэт даврагч зэрэг бүс нутагт олон асуудал тулгарч байна. Бид нэгдсэн удирдлага, хамтын хүчин чадлаар терроризмын эсрэг тэмцэх нь зүйтэй. Терроризм, салан тусгаарлах үзэл зэргийн эсрэг тэмцэх хамтын ажиллагааны албан бичиг гаргах болсонд баяртай байна.

ШХАБ илүү урагшаа хөгжье гэвэл гишүүн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн жишиг технологийн парк, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүн боловсруулалтын асуудлыг ярилцахыг хүсч байна. Мөн ШХАБ-ын хөгжлийн банкийг яаралтай байгуулах ёстой гэж бодож байна. Мөн транзит тээврийн хэлэлцээрийг шуурхай болгох ёстой юм. Нүүдэлчин соёл иргэншлийн олон улсын арга хэмжээг бид зохион байгуулахаар ажиллаж байна. Гишүүн орнууд та бүхэн төлөөллөө илгээж, сонирхолтой арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хятадын талын даргалах арга хэмжээг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. ШХАБ-ын хүрээнд шинэ механизмыг хэрэгжүүлж чадлаа. Гишүүн орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллана. Бишкек хотноо 2019 оны зургадугаар сарын 09-нд уулзах болно. Хөгжлийн банкийг шуурхай байгуулснаар эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд чухал юм”

Ши Жиньпин: Та Ерөнхийлөгчийн ажлаа авснаас хойш ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээнд маш олон ажил хийсэн. Үүний чинь төлөө танд талархал илэрхийлье.

Пакистан улсын Ерөнхийлөгч Мамнун Хуссейн:

-Миний бие Хятадын ард түмэн, Засгийн газар, бидний анд нөхөр Ши Жиньпинд энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлж байна. Биднийг халуун дотноор угтан авсан ШХАБ-ын гишүүн орнуудад талархаж байна. Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө байгуулагдсан билээ.

Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. Афганистан улсын тогтворгүй байдал гишүүн орнуудын санааг зовоож байгаа. Хар тамхины хууль бус наймаанд анхаарал хандуулах хэрэгтэй. Цаашид энэ чиглэлээр хамтран ажиллаж, хамтын ажиллагааны баримт бичигт тусгаж өгвөл том амжилт болно. Бид ШХАБ-ын гишүүн орнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Манай улсад хууль эрхзүйн орчин сайжирч байна. Эдийн засаг өслөө. Эрчим хүчний салбарт ч ахиц гарч, сүүлийн 10 жилд гараагүй хөгжил ирлээ. Мөн хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт ч ахиц дэвшил гарч байна.

Бүс нутагтаа дэд бүтцийн хөгжлөөр нэгдүгээрт бичигдэж байна. Энэтхэгийн далайд гарц бүхий стратегийн байршилд бүс нутгийн эдийн засагт эерэгээр нөлөөлж байна.Пакистанд ардчиллын үнэ цэнэ бэхжиж байгааг онцлоход таатай байна. Удахгүй бид парламентын сонгуулиа хийнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:

-ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа гэдэгт санал нэг байна. Энэтхэг, Пакистан гишүүнээр элссэнээр анх удаа хуралдаж байна. Тэргүүлэх чиглэл нь терроризмтэй тэмцэх байдаг. Энэ бол маш чухал юм. Өнөөдөр бидний батлах хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Терроризмтэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллана. Мөн ШХАБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөл ч залуусыг терроризмээс ангижруулах талаар идэвхтэй ажиллана гэж бодож байгаа. Бид Афганистаны асуудалд чухал ач холбогдол өгч байгаа. Эдийн засгийг нь сэргээн мандуулахад тодорхой дэмжлэг өгч болно.

Бид Сирид энэ талаар тодорхой үр дүн гаргаж, улс төрийн зохицуулалтын замыг нээж, терроризмыг идэвхжилтийг бууруулж чадсан. АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого нөхцөл байдлыг тогтвортой болгох хандлагатай байгаа. ШХАБ-ын гишүүн орнуудын бүс нутгийн аюулгүй байдалд Солонгосын хойгийн тогтвортой байдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ талаар гаргаж буй ажилд сэтгэл хангалуун байна. АНУ болон Хойд Солонгосын хооронд болж буй яриа хэлцлийг өндрөөр үнэлж байна. Энд Хятад улсын үр нөлөөг ч өндрөөр үнэлж байна. Энэ жил ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа өндөр дуусч байна. ШХАБ-ыг даргалах эрх Киргиз улсад шилжиж буйг тохиолдуулан ОХУ бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна.

Узбекстан улсын Ерөнхийлөгч Абдулла Арипов:

-Сайн хөршийн хамтын ажиллагааны баримт бичгийг батлах гэж байгаад баяртай байна. Пакистан, Энэтхэг албан ёсны гишүүнээр элсч, ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаанд оролцож байгаад баяртай байдаг. Афганистаны нийгэм эдийн засгийн асуудалд анхаарч, дэд бүтцийн хөгжил, сайн сайхны төлөө анхаарах нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв болж байгаа. Тус улсын сайн сайхан, хөгжлийн төлөө анхаарал хандуулж ажиллахад бид ч бэлэн байгаа. Цаашдаа, залуучуудыг хэт даврагч, террорист үзлээс ангижруулах талаар ажиллах ёстой юм. Энэ талаар хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх ёстой. Мөн хар тамхины санхүүжилт террроризмыг санхүүжүүлэх эх үүсвэр болж байгаа учраас энэ талаар ч анхаарах ёстой.

Тун удахгүй 2004 оноос хойш ажиглагч гишүүнээр явж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ.