ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Ч.Улаан сайд улаан цагаандаа гарч байгаа учраас АТГ-аар шалгуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын эхээр БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирэхдээ БНХАУ руу бог малыг хөлөөр нь буюу амьдаар нь экспортлох асуудлыг түргэвчлэх талаар яриад иржээ. Ингэхдээ эхнэрийнхээ дүүгийн компаниар энэ ажлыг хийлгэхээр болсон гэх яриа ч гараад байна. Тэгвэл энэ асуудлыг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон махны салбарын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах ярихдаа “Төрөөс хүнс хөдөө, аж ахуйн талаар баримтлах бодлогод мал аж ахуйн гаралтай түүхий эдийг уламжлалт болон дэвшилтэд технологиор боловсруулж, хүн амыг эрүүл хүнсээр хангана гэсэн бодлого бий. Амьдаар нь экспортолно гэсэн ямар ч заалт байхгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь байхгүй. Мах махан бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах, дотоодын хэрэгцээг хангах тухай заалт бий. Гэтэл жилд 5-6 сая мал амьдаар нь экспортод гаргана гэж байгаа нь гайхаш төрүүлж байна. Зургаан сая толгой мал гэдэг нь 15 мянган тонн мах юм. Энэ бол манай дотоодын хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээний 30 хувийг хангах хэмжээнд байна. Иймд амьдаар мал гаргахыг эсэргүүцэж байна” гэсэн юм. 

Харин Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны захирал Т.Баярсайхан “Бид 1950, 60 оны үед малаа амьдаар нь экспортолдог байсан. Тэр үе рүүгээ буцаж байгаа бололтой. 2014 оноос хойш арьс, ширний салбарынхан технологи, тоног төхөөрөмждөө шинэчлэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжих боломж бүрдэж эхлээд байна. Яг энэ үед малыг амьдаар нь экспортод гаргах нь салбарын амжилтаас хойшоо татаж байгаа асуудал юм. Бид 70-80 сая малтай боллоо гэж байгаа ч 2018 онд 5.6 сая л арьс шир чанарын шаардлага, шалгуурт тэнцэж байсан. Мал өсөөд байна гэж байгаа ч 10 сая арьс шир шаардлага хангахгүй байгаа юм. Үүн дээр нэмээд малаа амьдаар нь гаргаад эхлэхээр илүү л түүхий эдийн хомсдолд орно. 

Бид өнөөдөр малын гаралтай бүх түүхий эдээ боловсруулж байж ажилтай, орлоготой болох юм уу эсвэл аль нэг орны мал нийлүүлэгч болох юм уу гэдэг сонголтыг хийх болсон байна. Түүхий эдээ чанаржуулах ёстой гэж бодож байна” гэлээ. 

Мөн Монголын өлөн гэдэс экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа энэ талаар “Амьд мал гаргах тухай Засгийн газрын 318 дугаар тогтоолын тусгал өлөн гэдэс үйлдвэрлэгчдийн хувьд яаж тусах вэ гэдгийг ярья. Малын өлөн гэдэс бол уламжлалт экспортын бүтээгдэхүүн. Зайдасны бүрхэвч хийдэг. Европын холбоонд гаргаж байгаа ганцхан хүнсний бүтээгдэхүүн. 1990 оноос эхлээд хувийн хэвшлийнхэн энэ ажлыг нуруундаа үүрч яваа. Баруун Европын зах зээлд хэрэглэгчдэд таалагдах, шаардлага хангасан бүтээгдэхүүн болох гэж олон шалгуурыг туулж ирсэн. Гэтэл энэ салбар түүхий эдгүй болох нь ээ.

Энэ салбарт 1000 гаруй хүн ажилладаг. Жилдээ 3.5 сая бог малын өлөн гэдсийг боловсруулаад экспортод гаргаж байлаа. Өмнө нь анхан шатны боловсруулалт хийгээд Европын зах зээлд гаргадаг байсан бол одоо бид бүрэн боловсруулж, шууд зах зээлд нийлүүлдэг болсон. Засгийн газрын энэ тогтоол махны үнэд оролцож байгаа бодлогынхоо эсрэг шийдвэр боллоо. Хэд хоногийн өмнө буюу тавдугаар сарын 22-нд Засгийн газар Монголоос экспортолж байгаа дулааны аргаар боловсруулсан махны экспортод хязгаар тавина гэсэн. Зарим үед экспортыг хийлгэхгүй. 10 хувиа дотоодын зах зээлд худалд гэсэн. Энэ нь нэг талаас дотоодын хангамжийг дэмжиж байгаа юм шиг боловч малаа амьдаар нь гаргаж байгаа нь эсрэгцсэн бодлого шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Махны салбарт нийтдээ 10 гаруй мянган иргэд ажилладаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд 78 мянган тонн буюу гурван сая толгой малыг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолжээ. Харин Ч.Улаан сайдын яриад байгаа малыг амьдаар нь гаргах ажлыг зөвхөн нэг компанид давуу эрхтэй олгосон нь гайхаш төрүүлж байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцлов. Үйлдвэр хамгийн ихдээ л 50 хүнтэй ажиллана. Гэтэл экспортын үйл ажиллагааг бүх шатанд явуулж буй бүх үйлдвэрүүд хаагдах эрсдэл бий болоод байгаа бөгөөд хаагдсаны дараа Монголд хямдхан үнэ тулгах нөхцөл байдал руу орно гэдгийг мөн хэлж байлаа. Б.Пүрэвдорж гишүүн “ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт БНХАУ руу явж амьдаар нь гаргах талаар ярилцсан. 

Мөн Мэргэжлийн хяналтын газрын дарга ч өнгөрсөн долоо хоногт яваад ирсэн байна. Тохирлын асуудлыг ярилцсан гэнэ. Ч.Улаан сайд, н.Цагаанхүү дарга нар нэг компанийн төлөө улаан, цагаандаа гарлаа. Нэг компанид давуу эрх олгосны цаана хувийн эрх ашиг байна гэж үзсэн учраас АТГ-т шалгуулахаар өгч байна. Мөн Ерөнхий сайд болон Ч.Улаан сайдад бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хэлэлцэх ёстой гэж үзээд, албан бичиг хүргүүлж байна. Нэг удаа л амьдаар нь гаргавал цаашдаа олон жил гарна. Ингээд Монголын мал ямар ч нэмүү өртөггүйгээр нэг, хоёрхон сувгаар цуврах нөхцөл байдал бий болж байна. Тодорхой хугацааны дараа бүгд нэг компанийн мэдэлд очно. Нийслэлийн иргэд ч маш өндөр үнэтэй мах идэх нөхцөл байдал руу орж байна” гэсэн мэдэгдэл хийв.